Monday, January 18, 2016

Их цагаан сүлдэнд мөргөх айлтгал. Д.Пүрэвдож

Мөнх тэнгэрийн хүчийн дор
Монгол Улсын суу залийн эрхэн дор
Найман зовхисыг хүрээлэн
Нарны тэнхлэгт хүрдлэн

Ертөнцийн тулах цэгээс тэнгэрлэсэн
Есөн цагаан хүсэл
Есөн цагаан цацал
Есөн цагаан сүлдэндээ мөргөн айлтгая !

Эвлэрсэн улсыг тань ээдрээж
Эвшээсэн нумыг тань эрхээж
Эрсэлсэн ханыг тань эмтэлж
Элгэн зуур эвдрэлцсэнийг өршөө!

Эзэн Чингисийн зарлигийг огоорч
Эх орныхоо заяаг огшоож
Эрхэт төрийнхөө жолоог ончроож
Эмээлээс буугаад эндсэнийг өршөө!

Хатуу зөөлөн өглөгт өрсөж
Харийн өлмийд өвдөг өлтөрч
Хархорумын өрхийг бүтээж
Халдах дайсанд өеөдсөндийг өршөө!

Хатан зоригоо зуланд жаргааж
Хан илдээ хадганд зэврээж
Хасвуу тамгаа түүхэнд хагсааж
Харанхуй билгүүн мунхарсныг өршөө!

Алдар сүрийн омогшилд эрдэж
Алмай залхайн орхилд автаж
Алд биеийг оторт гортож
Алжаалаас эмээн амирласныг өршөө!

Айлсан хадамсан өчиггүй сүжирч
Амин нутгаа өмлөн зуйрч
Алаг дэлхийгээс хаяа ханзлаж
Алтан аргамж атираасныг өршөө !

Уурагтайгаа амласан хэлээ хэлтлэж
Улстайгаа мэндэлсэн бичгээ адлаж
Уламж соёлдоо харалган тэрслэж
Ура бархиран бүрэлгэснийг өршөө !

Ургуул үндсийг тань хилсээр сэндэж
Уугуул үрсийн тань цусаар мандаж
Улаантнууд егүүтгэхэд нүглийг хүлцэж
Улсын цаазаар яллаагүйг өршөө !

Туулсан алдас харууслыг эс мартъя
Тусгаар тогтнолоо амиараа халхалая
Тулсан голомтоо удмаараа мөнхлөе
Туг сүлдэндээ үүний тулд андгайлъя

Эрх чөлөө, ардчилалын хүчин дор
Эх орны сэргэн мандлын эрхэн дээр
Найман зуун товчоог
Наран дор тогтоож

Ертөнцийн чих нүднээ сүндэрлэсэн
Есөн цагаан хүсэл
Есөн цагаан цацал
Есөн цагаан сүлд минь
Эл андгайг хэн эс дагваас
Эцэг тэнгэр хүнд гэсгээтүгэй !

Wednesday, July 29, 2015

Никола Тесла : Гэрлийн жинхэнэ мөн чанар бол Харанхуй юм.


XIX-XX зууны хамгийн суут хүмүүсийн нэг болох Никола Тесла нь /1856-1943/ нь Серб гаралтай Америкийн эрдэмтэн бөгөөд 8 хэлээр ярьж, аливаа зүйлийг фото зураг хэлбэрээр цээжлэн тогтоодог, шинэ санаа, гэнэтийн нээлтээ нүдний өмнө гялбах цагаан гэрлийн тусламжтайгаар маш нарийн нэг бүрчилсэн байдлаар зурагчлан харж хүлээж авдаг байсан байна. Тэрбээр хоногт 2 цаг унтаж, бусад үед тасралтгүй ажилладаг байв. Амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй түүнийг ойр дотны хүмүүс нь сэтгэл татам инээмсэглэлтэй, зөөлөн, дулаан хүн байсан хэдий ч заримдаа дургүй зүйлээ тэвчиж чаддаггүй, хурц шүүмжлэлтэй хүн байсан гэж дурссан байдаг. 
Никола Тесла нь зохион бүтээгч, цахилгааны инженер, механикийн инженер, физикч, ирээдүйг зөгнөгч хүн байлаа. Тэрбээр 300 гаруй патентын эрхтэй бүтээл бүтээж, цахилгааны салбарт Томас Эдисонтой хамтран ажиллаж, олон чухал нээлтийг хийсэн. Түүнийг бусад эрдэмтдээс ялгаруулах хамгийн гол зүйл бол нээлт хийх өвөрмөц арга барил, хувийн итгэл үнэмшил, хатуу дэг жаягтай амьдралын хэв маяг байсан юм. Өмнөх нийтлэл болох Теслагийн давтамжаар дамжуулан бид та бүхэнд 12 ДНХ буюу дотоодын мөн чанараа нээх аргачлалыг хүргэж байсан. Энэ удаад та бүхэнд 116 жилийн туршид нууцлагдсан Никола Теслагийн ярилцлагыг хүргэх замаар түүний дотоод ертөнцөд нэвтрэх боломжийг нээж байна.
Сэтгүүлч: Ноён Тесла та хүн төрөлхтний сансар судлалын явцад нэр алдрын оргилд хүрсэн хүн. Та өөрийнхөө талаар танилцуулаач.
Тесла: Баярлалаа Ноён Смит. Би таны асуултанд үнэн зөв хариулт өгөхийг хичээе.
Сэтгүүлч: Таныг уул ус нь хүн ардтайгаа ижил гайхагдсан Хорватын Лика гэдэг нутгаас гаралтай. Таны төрсөн нутгийг ууланд ургадаг цэцгийн нэрээр нэрлэж, таны төрсөн гэр ой мод, сүмийн дэргэд байдаг байсан гэлцэх юм. 
Тесла: Тийм ээ. Би Серби гарал, Хорват нутгаараа бахархдаг.
Сэтгүүлч: Ирээдүйг зөгнөгчид 20-с 21-р зуун Никола Теслагаар дамжуулагдан шилжлээ гэж байна. Тэд Соронзон орон болон Индукцийн хөдөлгүүрийн эринд зориулж сүлд дуугаа өргөж байна. Үүгээр зогсохгүй Физик, Химийн салбарт хийсэн нээлт тань дэлхийд давамгайлна. Аж үйлдвэрийн салбарт та дээд гэгээнтэн, өглөгийн эзэн мэтээр хүндлэгдэж байна. Никола Теслагийн лабораторит анх атомыг хугалсан байна. Газар хөдлөлтийн хэлбэлзлийг бий болгох зэвсэг ч байна. Сансрын хар туяаг нээсэн байна. Эфирээс гарган авсан эрчмээр таван махбодыг эзэмшиж чадсан учраас ирээдүйн таван үеийн хойч маань сүмдээ таныг шүтэх болно гэж байна.  
Тесла: Тиймээ, эдгээр зүйлс бол миний хийсэн хамгийн чухал нээлтүүдийн нэг хэсэг. Гэсэн хэдий ч би хийж чадах хамгийн агуу зүйлээ бүтээгээгүй учраас өөртөө сэтгэл дундуур байдаг. 
Сэтгүүлч: Тэр нь юу вэ, ноён Тесла?
Тесла: Би бүхий л дэлхийг гийгүүлэхийг хүссэн. Хоёр дахь нарыг бий болгож чадахуйц их цахилгаан эрчим хүч бий. Санчирын бүслүүр шиг Гэрлээр Дэлхийг тойрон бүрхэх боломж байна. Хүн төрөлхтөн энэ гайхамшигтай агуу нээлтэд бэлэн биш байна. Колорадо мужийн газрыг би цахилгаан эрчим хүчээр дэвтээсэн. Бид мөн сэтгэл зүйн эерэг энерги болон бусад энергийг ч түгээн дэлгэрүүлж болно. Эдгээр нь Бах эсвэл Моцартын хөгжимд, эсхүл агуу сайхан яруу найргуудад бий. Дэлхийн гүнд баяр баясгалан, энх тайван, агуу их хайрын энерги оршиж байдаг. Үүний илрэл нь дэлхийн гадарга дээр ургаж буй ургамал мод, цэцэг, хүмүүс бидний хоол хүнсэндээ хэрэглэж буй ногоо жимс юм. Би энэхүү энергийн хүн төрөлхтөнд нөлөөллийг судлахад олон жилийг зарцуулсан. Сарнай цэцгийн гоо үзэмж, тансаг үнэрийг эм болгож, нарны гэрлийг хүнс тэжээл болгох боломж бий. Амьдрал хязгааргүй олон хэлбэрт оршдог бөгөөд эдгээр оршлын хэлбэрүүдийг материас нээж илрүүлэх нь эрдэмтэн судлаачдын үүрэг билээ. Үүнд 3 үндсэн хүчин зүйл нөлөөлдөг. Би хийж буй зүйлсээрээ дамжуулан үүнийг л эрж хайдаг. Би тэдгээрийг олж чадахгүй ч, хэзээ ч бууж өгөхгүй. 
Сэтгүүлч: Тэдгээр гурван зүйлс нь юу вэ?  
Тесла: Эхний асуудал бол хоол хүнс. Огторгуйн болон дэлхийн ямар энергиэр өлсгөлөнд нэрвэгдсэн олон түмнийг хооллох вэ? Уг энергиэр түмний цангааг тайлж, хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан цалгиснаар, хүн өөрийгөө Бурхан гэдгээ мэдрэх боломжтой юу? Хоёр дахь асуудал нь хүний амьдралд тохиох нүгэл зовлонг таслан зогсоох. Эдгээрийн зарим сансрын гүнээс ирсэн тахал байх нь бий. Мөн энэ зуунд Дэлхийгээс Сансар луу ч өвчин тархаж байна. Гурав дахь зүйл бол ертөнцөд хангалттай Гэрэл байдаг уу гэдэг асуулт юм. Сансрын болон математикийн бүх хууль үйлчилдэггүй, юуг ч өөрчлөх боломжгүй нэгэн одыг би олж нээсэн. Тэр од манай галактикт бий. Түүний гэрэл нэг ширхэг алимны хэмжээст багтахуйц нягт атал манай нарны аймгаас илүү хүнд жинтэй. Шашин, гүн ухаанд хүмүүнийг Христ, Будда, Зороастер болохуйц хүчтэй гэдэг. Миний батлахыг хүсдэг зүйл бол санаанд багтамгүй, бараг хүрч боломгүй зүйл юм даа. Ертөнцөд орших зорилго бол хүн бүр Христ, Будда, Зороастер байх явдал юм. 
Дэлхийн татах хүч нисэхэд саад болдог. Миний зорилго бол онгоц гэх мэт нисэх төхөөрөмжүүдийг бүтээх бус харин хүмүүст ухамсрын жигүүрийг нь сэргээх явдал юм. Цаашлаад, би агаарт буй энергийг сэрээхийг хүсч байна. Тэнд хамгийн гол энергийн эх үүсвэр байна. Оргүй хоосон зай гэдэг нь сэрээгүй материйн илэрхийлэл юм. 
Энэ гариг дээр бүү хэл, энэ Ертөнцөд хоосон орон зай гэж байхгүй. Астрономичдын яриад байдаг сансрын хар нүхнүүд нь энерги, амьдралын хамгийн хүчтэй эх үүсвэрүүд юм
Сэтгүүлч: “Валдорф-Астория” зочид буудлын таны байрлах 33-р давхрын өрөөний цонхоор  өглөө бүр шувууд ирдэг талаар тайлбарлаач. 
Тесла: Хүмүүс шувуудыг ойлгож мэдрэх хэрэгтэй. Учир нь хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт яг л шувууд шиг жинхэнэ, нүдэнд харагдахуйц далавчтай байсан юм! 
Сэтгүүлч:  Та Смилжанд байх үеэсээ л нисэхийг оролддог байсан шүү дээ!
Тесла: Би дээвэр дээрээс нисэх гээд унасан. Хүүхдийн тооцоолол буруу байж болно. Харин залуу насны жигүүрт амьдралын бүх зүйлс багтдаг буюу залуу насанд таны амьдрал таны гарт байдгийг санаж яваарай! 
Сэтгүүлч: Та гэрлэж байсан уу? Таны хувийн амьдрал, хайр дурлалын асуудал их нууцлаг байдаг. Фото зургуудаас харахад та сайхан залуу байсан байна. 
Тесла: Тиймээ. Би гэрлэж байгаагүй. Асар их хайрлах эсвэл огт хайрлахгүй байх гэсэн хоёр зам байдаг. Төвд нь хүн төрөлхтнийг сэргэн мандуулах хүч үйлчилдэг. Зарим хүмүүс эмэгтэй хүнээс энэрэл хайрыг мэдэрч, дотоод сэтгэлээ хүчирхэгжүүлдэг. Харин зарим хүмүүс ганцаараа байснаараа энэ бүхнийг мэдэрдэг. Би хоёр дахь замыг сонгосон. 
Сэтгүүлч: Таныг харьцангуйн онолыг буруушаадаг гэж үздэг. Та материйг энергигүй гэж үздэг. Гэтэл бүх зүйл энергитэй байх ёстой биш үү? Энэ талаар та юу гэж бодож байна?
Тесла: Хамгийн түрүүнд энерги байсан, дараа нь матери бий болсон.  
Сэтгүүлч: Ноён Тесла, та өөрөөсөө  бус харин эцгээсээ төрсөн гэж хэлж байгаатай ижил юм. 
Тесла: Яг зөв! Ертөнцийн үүслийн талаар юу гэх вэ? Матер бол анхдагч буюу мөнхийн Гэрлээс бий болсон юм. Уг гэрэл маш хурц цацарч, одод гаригсыг, цаашлаад хүнийг тэгээд Ертөнц, дэлхий дээрх бусад бүхий л зүйлсийг бий болгосон. Матер бол Гэрлийн хязгааргүй олон хэлбэрийн илэрхийлэл. Энерги гэрлээс ч урт настай. Ертөнцийн үүслийн талаар дөрвөн хууль байдаг. Эхнийх нь хүний тархи хүлээн авч ойлгохооргүй, математик хэмжиж чадахгүй тэрхүү ээдрээтэй эх үүсвэр. Үүнд бүх Ертөнц багтдаг. 
Хоёр дахь хууль бол тайлбарлах боломжгүй зүйлээс үүссэн гэрлийн жинхэнэ мөн чанар буюу харанхуйн тархац юм. Харанхуй нь аажимдаа Гэрэл болон хувирдаг. Гурав дахь хууль бол Гэрлээс Гэрлийн матер зайлшгүй бий болох хэрэгцээ шаардлага. Дөрөв дэх хууль бол эхлэл үгүй, төгсгөл гэж үгүй. Эхний гурван хууль ямагт үйлчилж байдаг ба Ертөнц мөнхөд оршдог.
Сэтгүүлч: Та Харьцангуйн онолыг бүтээсэн хүний эсрэг (Альберт Эйнштейнийг хэлж байна) мэдээллийг төрсөн өдрийнхөө найран дээр түгээж байдаг... 

Тесла: Сансар ертөнц хязгааргүй гэдгийг санах хэрэгтэй. Харин хүний оюун санаа хязгаарлагдмал учраас хязгааргүй болон мөнхийн гэдэг зүйлсийг хүлээж ойлгож авах чадваргүй байгаа юм. Харьцангуйн онолыг бүтээгч өөрийн онолоо бүрэн дүүрэн ухаарсан бол бие махбодийн хувьд биш юмаа гэхэд оюун санааны хувьд мөнхийн хутгийг олох байлаа. 

Би бол гэрлийн нэг хэсэг. Гэрэл нь өөрөө аялгуу юм. Гэрэл зургаан мэдрэхүйг минь дүүргэдэг. Би гэрлийг харж, сонсож, мэдэрч, үнэрлэж, хүрч, бодож төсөөлөх чадвартай. Бодож төсөөлөх мэдрэмж бол зургаа дахь мэдрэхүй юм. Гэрлийн хэсгүүд нь бичмэл нотууд. Цахилгаан тэр чигтээ хөгжмийн сонат буюу бүрэн хэмжээний хөгжмийн зохиол болох боломжтой. Олон мянган бөмбөлгөн цахилгаан концерт болох боломжтой. Энэ концертод зориулж би Бөмбөлгөн Цахилгаан бүтээсэн нь Гималайн мөсөн оргилуудад ч сонсогдохуйц. 
Пифагор гэх мэт математикчид гэрэл ба хөгжмийн ноотны холбоосыг олж тогтоож чадахгүй. Тэгшигтгэл, тоонууд бол гэрэл, аялгууны илэрхийлэл. Хэрэв Эйнштэйн тэрхүү аялгууг сонссон бол харьцангуй онолыг бүтээхгүй байсан. Эдгээр аялгуу нь хүний оюун санаанд амьдралын утга учрыг ойлгуулж, Ертөнц төгс зохицолд оршиж, бүх зүйл шалтгаан, үр дагаврын шүтэн барилдлаганд оршдог болохыг харуулдаг. Хөгжим аялгуу бол огторгуйн диваажингийн мөнхийн эргэлт юм. 
Хамгийн жижиг одод хүртэл тэнгэрийн симфонийн нэг хэсэг болж, өөрийн найраглалыг туурвидаг. Хүний зүрхний цохилт Дэлхийн симфонийн нэгэн хэсэг. Ньютон ертөнцийн нууц геометрийн бүтэц, тэнгэрлэг оршихуйнуудын хэлбэлзэлд байдгийг ухаарсан. Тэрээр Ертөнц дэлхийд туйлын нэгдэл, шүтэн барилдлагын хууль оршин байдгийг мэдсэн. Огторгүй ертөнц хэмжээ хязгаартай байвал эмх замбараагүй байдал бий болдог. Эмх замбараагүй ноотноос хөгжим үүсдэггүй. Эйнштейн бол уур хилэн, дуу хөгжим хосолсон цаг хугацааны элч төлөөлөгч юм. 
Сэтгүүлч: Ноён Тесла, та тэр аялгууг сонсож чаддаг уу? 

Тесла: Би үргэлж сонсдог. Миний дотоодын чих (сүнслэг сонсох мэдрэмж) минь тэнгэр мэт хязгааргүй уудам. Харин биед орших чихээ би радио долгионы тусламжтайгаар хөгжүүлсэн. Харьцангуйн Онолын хуулийн дагуу хоёр паралель шулуун хязгааргүй үргэлжилсээр хэзээ нэгэн цагт огтолцдог. Үүнээс харахад Эйнштэйны муруй нь муруй биш шулуун болж таардаг. Нэгэнт бий болсон аялгуу мөнхөд оршдог. Аялгуу хүний физик махбодийн хувьд устаж үгүй болно. Гэвч Ертөнцийн аниргүйд мөнхөд сонсогдох бөгөөд үүнд л хүний дотоод агуу хүч оршиж байгаа юм. 
Би Эйнштэйны эсрэг ямар ч санаа агуулаагүй. Тэр сайн хүн  бөгөөд олон сайн зүйлийг бүтээсэн. Түүний зарим бүтээл аялгууны нэгэн хэсэг болж дуурсагдана. Би түүнд бичих захидалдаа эфирэн давхрага оршдог бөгөөд үүний бүрэлдэхүүн хэсгүүд Ертөнцийг төгс зүй зохиролд байлгаж, амьдралыг мөнхөд оршуулж байдаг талаар дурдах болно. 
Сэтгүүлч: Сахиусан тэнгэрүүд яагаад Дэлхий дээр бууж ирдэг тухай та надад хэлж өгөөч? 
Тесла: Надад 10 чухал хүчин зүйл бий. Бүгдийг сонор сэрэмжтэй бичиж аваарай. 
Сэтгүүлч: Би таны бүх үгсийг бичиж авах болноо, ноён Тесла. 
Тесла: Нэг дэх шаардлага бол үүрэг зорилгоо мөн ажлаа дуусгах ёстойгоо өндөр хэмжээнд ухамсарлах. Энэ нь бага залуу насанд мэдрэгддэг. Нэрэлхээд яах вэ. Би 12 настай байхдаа Ниагара хүрхрээн дээр очно гэдгээ итгэлтэйгээр мэддэг байсан. Хүүхэд байхдаа ирээдүйд хийх нээлтүүдээ бүгдийг нь биш ч гэсэн ихэнхийг нь нээх болно гэдгээ мэдэж байсан юм. Харин хоёр дахь дасан зохицох нөхцөл нь шийдмэг, тууштай байх.  
Сэтгүүлч: Гурав дахь нөхцөл нь юу вэ, ноён Тесла? 
Тесла: Сүнслэг, амин эрчмийг өөрийн ажил хөдөлмөрт шингээх. Улмаар хүний бүхий л хэрэгцээ, шаардлагаас чөлөөлөгдөх. Би юуг ч алдаагүй харин илүү ихийг олж авсан. Тиймээс би ямагт жаргалтай байсан. Одоо бичээрэй. Тесла их аз жаргалтай хүн байсан гэж. Дөрөв дэх шаардлага нь ажилдаа физик нөхцөл байдлаа тохируулах. 
Сэтгүүлч: Тэр нь юу гэсэн үг вэ, ноён Тесла?
Тесла: Ажилдаа зориулж биеэ арчлах хэрэгтэй. Бие бол төгс төгөлдөр машин. Би өөрийн биеийн бодисын солилцоо, хэрэгцээ шаардлагыг мэддэг. Миний хувьд ихэнх хүмүүсийн иддэг хоол хүнс маш хор хөнөөлтэй, аюултай байдаг. Заримдаа дэлхийн тогооч нар бүгд миний эсрэг нэгдсэн мэт санагддаг юм... Миний гарт хүрээд үз дээ. 
Сэтгүүлч: Хүйтэн байна. 
Тесла: Тиймээ. Цусны урсгалыг тохируулж болохоос гадна биеийн маш олон процессыг удирдаж болдог юм. Залуу минь та яагаад айв?
Сэтгүүлч: Марк Твейн танаас сэдэвлэн нууцлаг нэгэн буюу Сатаны /чөтгөр/ талаар бичсэн гэж ярьж байсан. 
Тесла: Люсифер гэдэг үг нь илүү аятайхан биш үү. Ноён Твейн хошигнолд дуртай. Хүүхэд байхдаа би түүний номыг уншаад өвчнөөс ангижирч байсан юм. Тэгээд энэ талаар түүнтэй уулзаад хэлэхэд тэр уйлж байсан. Бид улмаар найзууд болж тэр лаброторид маань зочлох болсон. Түүний хүссэнээр нэг удаа хэлбэлзлийн тусламжтай баяр хөөрлийн мэдрэмж төрүүлэх нэгэн машиныг түүнд үзүүлсэн. Энэ бол миний зугаа гаргах зорилгоор хийдэг байсан бүтээлийн маань нэг байсан юм. Ноён Твейнд би энэ хэлбэлзэлд удаан байж болохгүй гэж анхааруулсан ч тэр сонсолгүй удсан. Тэгээд өмдөө бариад пуужин шиг тэр өрөөнд хий алдсан. 
Үнэхээр инээдтэй байсан, гэхдээ миний хувьд энэ ноцтой үр дүн байсан. Бие махбодын бодисын солилцоог зохицуулахад хоол хүнснээс гадна зүүд маш чухал. Нүсэр хөдөлмөр шаардсан их ажлын дараа би ганцхан цаг унтаад л бүрэн сэргэдэг. Би унтах сэрэх цагаа өөрөө хянаж, нойроо удирддаг болсон. Хийж буй зүйлийнхээ учрыг олохгүй байх үедээ өөрийгөө зүүдэндээ энэ талаар бодох даалгавар өгч, тэгээд зүүдэндээ шийдлээ олж чаддаг болсон.  
Тав дахь нөхцөл бол санах ойгоо тохируулах. Ихэнх хүмүүсийн хувьд тархи бол амьдралын туршид бүрдүүлсэн мэдлэгийн сан юм. Миний тархи санах үйлдлээс гадна тухайн цаг мөчид хэрэгтэй зүйлийг олж чаддаг чадвартай.  Энэ бүхэн бидний эргэн тойронд байдаг. Үүнийг хэрэглэх хэрэгтэй.  Бидний харж, сонсож, уншиж, сурсан бүх зүйлс гэрлийн хэсэг болж биднийг дагаж байдаг. Миний хувьд эдгээр хэсгүүд дуулгавартай, их үнэнч байдаг. Би Германд сурч байхдаа өөрийн дуртай Гётегийн Фауст зохиолыг уншаад л цээжилчихсэн байх жишээтэй. Би толгойдоо олон жилийн туршид нээлтээ хадгалж байснаа сүүлд тэднийгээ бий болгож бүтээсэн.


Сэтгүүлч: Та төсөөлөн бодох ур чадварын ач тусыг их дурддаг. 

Тесла: Би бүх нээлтийнхээ өмнөөс өөрийн төсөөлөн бодох чадвартаа талархал илэрхийлэх хэрэгтэй байх. Ирээдүйн амьдралд минь тохиолдох зүйлс болон хийх нээлт, шинэ бүтээлүүд маань нүдэнд минь маш тод томруун, дэлгэрэнгүй харагддаг юм. Бага байхдаа энэ юу юм бол гэж их айдаг байснаа сүүлд нь энэ хүчээ онцгой авьяас билэг болгон ашиглаж эхэлсэн. Үүнийг хөгжүүлж, маш хянамгай хамгаалж ирсэн. Бас ихэнх нээлт, шинэ бүтээлүүдээ төсөөллөөрөө засварлаж, эцсийн хувилбарыг гаргаж чаддаг. Энэхүү чадварын тусламжтайгаар би математикийн хүнд тэгшигтгэлийг боддог. Хэрэв би Түвдэд байсан бол Хамба лам болох байсан биз.   
Би маш сайн хараа, сонсголтой. Зоригтойхон хэлбэл бусад хүмүүсээс илүү. Би аянгын чимээг 250 орчим километрийн цаанаас сонсож чаддаг, бусад хүмүүсийн харж чаддаггүй өнгийг тэнгэрээс олж харж чаддаг юм. Энэ авьяас чадвар хүүхэд байхаас минь авахуулаад надад байсаар ирсэн. Сүүлд би үүнийг ухамсарлан хөгжүүлсэн.  
Сэтгүүлч: Та хүүхэд байхдаа хэд хэдэн удаа хүндээр өвчилж байсан. Энэ үнэхээр өвчин байсан уу, эсвэл таны хэлсэн дасан зохицоход шаардлагатай нөхцлүүд юм уу? 
Тесла: Тиймээ. Энэ нь голдуу амин эрчим дутагдсанаас үүдэлтэй. Мөн бие сэтгэлд хуримтлагдсан хорт зүйлсээс ангижрах ариуслын явц байсан. Хүн бүрт цаг хугацааны явцад ийм зүйлс зайлшгүй тохиодог. Ихэнх өвчний эх үүсвэр сэтгэлд оршдог. Тийм ч учраас ихэнх өвчнийг сэтгэл буюу хүний сүнс эдгээх чадвартай. Ликагийн бүс нутагт дэгдсэн холер өвчнөөр би оюутан байхдаа өвчилсөн юм. Миний амьдралын утга учир болсон технологийн чиглэлээр суралцахыг аав минь эцэст нь зөвшөөрсний эцэст би эдгэж чадсан. 
Хуурмаг төсөөлөл бол Дэлхийн гурван хэмжээстээс чанагш бодлоо давуулж гаргах чадвар юм. Надад энэ чадвар бүхий л амьдралын туршид байсаар ирсэн. Бидний эргэн тойрон болж буй бүх үзэгдлийг би урьдчилан хүлээж авдаг. Бага байхдаа голын эргээр авга ахтайгаа зугаалж яваад би: “Голын уснаас загас гарч ирэхэд би түүн рүү чулуу шидээд тэр зүсэгдэнэ” гэж хэлээд бүх зүйл хэлснээр минь болсон юм. Маш их айж мэгдсэн ах маань “Баде ретро Сатанс” /Чөтгөр лүүгээ тонил/ гээд орилж билээ. Тэр Латин хэлтэй, боловсролтой хүн байсан... 
Мөн би Парист байхдаа ээжийгээ нас барж буйг харсан. Тэнгэрт гэрэл аялгуугаар дүүрч, гайхамшигт оршихуйнууд хөвөлдөн байсан юм. Тэдгээрийн нэг нь ижийтэй минь төстэй байсан бөгөөд над руу хязгааргүй их хайр дүүрэн харцаар харж байсан юм. Энэ бүхэн дууссаны дараа ээж минь нас барсан болохыг би мэдсэн юм.

Сэтгүүлч: Ноён Тесла долоо дахь хүчин зүйл юу вэ? 
Тесла: Бодлын болон амин эрчим бидний хүссэн зүйл болон хувирч, улмаар бүх мэдрэмжүүдээ хянаж сурах мэдлэг юм. Энэтхэгүүд үүнийг Кундалини гэдэг. Үүнийг олон жилийн туршид сурдаг. Зарим хүнд төрөлхөөс заяагдсан байх нь бий. Надад ихэнх нь төрөхөөс заяагдсан. Эдгээр энерги нь энэ Ертөнцөд хамгийн түгээмэл байдаг сексийн энергитэй хамгийн ойролцоо  байдаг. Эмэгтэй хүн энэхүү энерги буюу сүнслэг хүчин чадлыг булаан авдаг хамгийн хүчирхэг хүчин зүйл юм. Би үүнийг байнга мэддэг, дохио санамж ч ирдэг байсан. Би өөрийгөө ухаалаг, сүнслэг машин болгон хувиргасан. 
Сэтгүүлч: Ес дэх хүчин зүйл юу вэ, ноён Тесла? 
Тесла: Бүх зүйлсийг тухайн өдөр, цаг мөчид амжуулж хийх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол өөрийнхөө хэн болох, яагаад Дэлхий дээр ирсэн учир шалтгаанаа мартаж болохгүй. Ер бусын авьяастай хүмүүс өвчин зовлон, хувийн асуудалд баригдаж, эсвэл нийгмийн үл ойлголцол, мунхаг байдал, гүтгэлэг гүжирдэлт, ёс бус байдалд дарлагдаж байна. Дэлхий маш олон сахиулсан тэнгэр уналтанд оржээ. 
Сэтгүүлч:  Арав дахь хүчин зүйл юу вэ?   
Тесла: Энэ бол чухал. Ноён Тесла тоглодог байсан гэж бичээрэй. Тэр  бүхий л амьдралынхаа туршид тоглолт хийж, түүгээрээ баясдаг байсан гээрэй. 
Сэтгүүлч:  Ноён Тесла! Энэ таны ажил бүтээлтэй холбоотой юу? Энэ тоглоом тань? 
Тесла: Тиймээ, эрхэм залуу минь. Би цахилгаанаар тоглох үнэхээр дуртай. Грекийн гал хулгайлсан домгийг сонсох бүртээ жихүүцдэг байлаа. Зевст хангалттай аянга цахилгаан байгаагүй гэж үү, нэг дөлийн төлөө бэртсэн гэж үү? Үүнд нэг л үл ойлголцол байна. Цахилгаан бол хамгийн гайхамшигтай байж болох тоглоом юм. Никола Тесла үүнийг олж нээсэн анхны хүн байсан гэж бичээрэй... 
Сэтгүүлч:  Ноён Тесла, та сахиусан тэнгэрүүдийн талаар, мөн тэдний Дэлхий дээр дасан зохицох талаар ярьж байна. 
Тесла: Би юу? Энэ чинь ижилхэн. Тэр өөрийгөө Индри, Зевс, Пероны хойд төрөл нь байсан гэж хэлсэн гээд бичиж бас болно. Эдгээр бурхдын нэг нь  үдшийн хар хослолтой, бүрх малгай, цагаан бээлий өмсөөд Нью Йоркийн элитууд рүү аянга буулгах гээд бэлдэж байна гээд төсөөл дөө. 
Сэтгүүлч:  Уншигчид маань манай сонины хошин аяст дуртай шүү. Гэхдээ таны хүн төрөлхтний төлөө хийсэн нээлтүүд тань зүгээр тоглоом байсан мэтээр илэрхийлж байгаа нь гайхал төрүүлээд байна. Үүнд олон хүн дургүйцлээ илэрхийлэх байх.  
Тесла: Эрхэм ноён Смит, асуудал юунд байна вэ гэвэл хүмүүс хэт чухал, ноцтой. Хэрэв тийм биш байсан бол хүмүүс илүү аз жаргалтай амьдарч урт наслахсан. Хятадын мэргэн үгэнд ноцтой хурц байх нь амьдрал богиносгодог гэдэг. Уншигчид чинь юуг чухалчилж байна түүн рүү буцья.




Сэтгүүлч: Тэд таны философийн талаар сонсохдоо баяртай байна. 

Тесла: Амьдрал бол бүрэн цогц байх ёстой хөгжмийн хэмнэл юм. Би түүнийг мэдэрч, түүнийг найруулж, удирддаг. Энэ бүхэн надад байгаа мэдлэгийг өгсөн, үүнд би талархдаг. Амьд байгаа бүхэн хоорондоо гүн бөгөөд гайхамшигтай холбоотой. Хүн болон одод, нэг эст амьтан болон нар, тоомшгүй олон дэлхийн эргэлт болон хүний зүрх гээд. Энэ холбоос тасралтгүй мөнхөд үргэлжилнэ. Эдгээр нь хоорондоо нийцэлтэй байх төдийгүй шинэ өөр харилцааг бий болоход саад болдоггүй.   Мэдлэг бол сансар огторгуйгаас ирдэг. Бидний дотоод төсөөлөл хамгийн төгс. Бидэнд хоёр нүд байдаг. Нэг нь энэ дэлхийн /биеийн/ нөгөө нь сүнслэг. Үүнийгээ нэг болго гэж зөвлөдөг. Ертөнц бол амьд, яг л өөрийн бүтээлүүд шигээ сэтгэж боддог. 
Чулуу бол ургамал, араатан, хүнтэй ижил амьд оршихуй. Хэрэв хүн хэт жижиг асуудалд төвлөрч, жижгэрээгүй бол од руу хараад түүний өгөх мессеж, хэлийг ойлгох байсан. Тэнгэрт гэрэлтэх оддын мессеж, хэлийг хэрэв бид хэт өөр дээрээ төвлөрч, жижиг хэмжээнд байгаагүйсэн бол ойлгох байсан. Хүний нүд, чих, амьсгал нь орчлонгийн чих, нүд, амьсгалтай нэгэн хэмнэлд цохилох байсан. 
Сэтгүүлч: Таны эдгээр үгс тань Буддизм эсвэл Даоизмын шашны сургаалтай ижил сонсогдож байна. 
Тесла: Тэр зөв! Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл хүн бүхэнд байсаар ирсэн ерөнхий мэдлэг буюу нэг үнэн байна гэсэн үг. Миний өөрийн мэдрэмж, туршлагаар орчлон ертөнц цаглашгүй дээд нэг энерги, нэг бүтэцтэй бөгөөд амьдралын хязгааргүй олон төрх, хувьсалтай. Хамгийн гайхамшигтай нь нэг л нууцыг тайлж чадвал бусад зүйлсийн сэжим олддог. Энэ тийм нууц бидний эргэн тойронд байгаа хэдий ч хүмүүст үүнийг сонсохгүй, харахгүй байна. Бид тэдэнтэй дотоод сэтгэлийн хүчээр холбогдвол тэдгээр нь өөрсдөө бидэнд нууцаа тайлдаг. Маш олон алим байдаг боловч зөвхөн нэг алим л Ньютон дээр унасан. Түүний асуусан алим түүний өмнө унасан юм.

Сэтгүүлч: Энэ ярилцлагын хамгийн эхэнд сонирхож байсан асуултыг тавья. Таны хувьд цахилгаан эрчим хүч гэж юу вэ, ноён Тесла? 
Тесла: Бүх зүйл цахилгаан эрчим хүч. Бүх зүйлийн эхлэл бол гэрэл. Гэрлээс матер, орчлон ертөнц, гариг дэлхий гээд амьдралын бүх хэлбэрүүд бий болсон. Гэрлийн жинхэнэ мөн чанар нь Харанхуй. Гагцхүү бид үүнийг харж чаддаггүй. Үүнд гэрлийн, дулааны, цөмйин, хардиацийн, химийн, механик болон танигдаагүй гээд бүх энерги багтдаг. Үүнд дэлхийг тойрогт нь эргүүлэх хүч багтдаг. Энэ бол жинхэнэ Архимедийн хөшүүрэг юм. 
Сэтгүүлч: Ноён Тесла та цахилгаан эрчим хүчний хувьд хэт туйлширсан санагдлаа. 
Тесла: Би бол цахилгаан эрчим. Хүсвэл би хүний хэлбэрт орсон цахилгаан эрчим. Та ч мөн цахилгаан эрчим шүү дээ, ноён Смит. Гэвч та үүнийг ухаараагүй байна.     
Сэтгүүлч:  Энэ таны биеийн мянган вольтын гүйдэл гүйлгэх чадварыг хэлж байна уу? 
Тесла: Тарьсан ургамал нь эзнийгээ хөнөөнө гээд төсөөлөөд үздээ. Ингэвэл их солиотой биз. Хүний бие болон тархи маш их хэмжээний энергийг агуулдаг. Надад цахилгаан энергийн дийлэнх хэсэг нь байдаг. Хүн бүрт байдаг ялгаатай энерги нь хүний “Би”-г тодорхойлж байгаа юм. Тархины функц болон үхэл зэрэг бүгд гэрэлд шилждэг. Залуудаа миний нүд хар байсан бол одоо цэнхэр болсон. Цаг хугацаа өнгөрч улирахын хирээр тархи илүү хүчтэй болж улам гэгээлэг өнгө рүү хувирдаг. Цагаан бол диваажингийн өнгө юм. Нэг өглөө миний цонхоор цагаан тагтаа бууж ирсэн юм. Тэрээр тун удахгүй нас барах гэж байсан юм. Учир нь нүднийх нь гэрэл маш хурц байсан. Ямар ч амьтны, хүний нүдний гэрэл тийм хурц байсныг би олж үзээгүй. 
Сэтгүүлч: Таны лабораторид хамт ажилладаг хүмүүс таныг уурласан үедээ, эсвэл эрсдэл ойрхон байгаа үед биеэс тань гэрэл, цахилгаан харагддаг гэж ярих юм. 
Тесла: Энэ бол сэтгэцээс ялгарч буй анхааруулах дохио. Гэрэл үргэлж миний талд байсан. Соронзон орны эргэлдэх талбай болон индукцийн моторыг яаж нээснийг минь та мэдэж байна уу? Энэ нээлт намайг 26 насанд минь нэр алдрын оргил өөд чиглүүлсэн юм. Будапешт зуны нэгэн орой би Сигетижем гэдэг нэртэй найзтайгаа нар жаргахыг хараад сууж байлаа. Мянга мянган галын дөл мянган мянган гэрэлтэгч өнгө гялбалзаж би Фауст зохиолыг гэнэт санаад түүнээс цээжээрээ дотроо уншиж эхэлтэл манан шиг дүрсээр хуйларч буй соронзон талбай, индукцийн мотор нүдэнд минь үзэгдсэн. Би энэ бүхнийг нарнаас олж харсан юм! 


Сэтгүүлч:  Гадаа цахилгаан цахих үеэр таныг өрөөгөө түгжээд өөртэйгээ ярьдаг гэж зочид буудлын ажилтан хэлж байсан. 

Тесла: Би аянга, цахилгаантай ярилцдаг. 
Сэтгүүлч:  Та тэд нартай ямар хэлээр ярилцдаг вэ, ноён Тесла? 
Тесла: Ихэнхдээ өөрийн унаган хэлээрээ. Серб хэлэнд, тэр дундаа шүлэгнүүдэд нь аянга, цахилгаантай ярилцахад тохиромжтой, үг, аялгуу байдаг. 
Сэтгүүлч: Та үүнийг орчуулж өгвөл манай уншигчид их талархах байх. 
Тесла: Дуу чимээ зөвхөн аянга цахилгаанд оршдоггүй. Харин өнгө гэрэлд бас байдаг. Өнгө дуу чимээтэй. Бүхий л хэлний үгс нь аялгуу болон өнгийг үүсгэдэг. Аянга цахилгаан бүр ялгаатай, өөрийн гэсэн нэртэй байдаг. Миний амьдралд ойр дотно аянга цахилгааныг, эсвэл өөрийн биширдэг нэгнийг бий нэрээр нь дууддаг. Тэнгэрийн гэрэл, аянга цахилгаан дунд миний ээж, эгч, ах Даниел, Сербийн шүлэгч Иван Иванович Змаж болон бусад түүхэн хүмүүс амьдардаг юм. 
Сэтгүүлч: Тэгвэл таны хувьд шүлэг яруу найраг, шинжлэх ухаан хоёр ижил юм уу? 
Тесла: Энэ чинь нэг хүний хоёр нүд. Вилльям Блэйк Ертөнцийг хийсвэр, төсөөллөөс бий болсон бөгөөд дэлхий дээр хамгийн сүүлчийн хүн байх хүртэл орших болно гэдгийг ойлгосон. Энэ бол гэрлийн энергитэй төстэй бүтээлч энерги юм. 
Сэтгүүлч: Тэгвэл таны хувьд төсөөлөл нь жинхэнэ амьдралаас илүү бодитой гэсэн үг үү? 
Тесла: Энэ нь амьдралыг төрүүлдэг эх нь. Би өөрийн сэтгэл хөдлөл, зүүд, төсөөллөө удирдаж сурсан. Би урам зоригоо үргэлж бадрааж, баяр талархалтай амьдардаг. Би бүх амьдралынхаа туршид баяр баяслаар дүүрэн байсан. Энэ л миний аз жаргалын эх үүсвэр. Хүний амьдралаар болон 5 төрөлдөө хийх нүсэр их хөдөлмөрийг би үүний л тусламжтайгаар хийж гүйцээсэн юм. Ажиллахад хамгийн тохиромжтой цаг бол шөнийн цаг. Яагаад гэвэл энэ үед оддын гэрэл хамгийн хурц, би тэдэнд их ойрхон байдаг. 
Сэтгүүлч: Та түрүүн хэлэхдээ бусад бүх зүйлсийн адил намайг Гэрлээс бүтсэн гэж хэлсэн. Надад сайхан санагдаж байгаа ч үнэндээ би үүнийг ойлгохгүй байна. 
Тесла: Та заавал үүнийг ойлгох хэрэггүй ээ, ноён Смит. Итгэхэд л хангалттай. Бүх зүйл Гэрэл. Түүний нэг цацрагт нь улс үндэстний хувь заяа, амьдрал бүх зүйл багтдаг. Яг л нарыг харж буйтай ижил улс үндэстэн бүхэн өөрийн агуу гэрлээс бүтдэг. Та санаж аваарай. Үхэл гэж огт байдаггүй. Тэд буцаад гэрэл рүү хувирч шилжээд түүндээ оршдог. Гэрэл өөрийн анхны хэлбэрээ хадгалдаг нь жинхэнэ үнэн юм.
Сэтгүүлч: Энэ чинь сэхээрэл /гэгээрэл/ байна! 
Тесла: Би үүнийг харин анхны энергидээ эргэн шилжих гэж нэрлэнэ. Христ болон зарим нэг хүмүүс энэ нууцыг мэддэг байсан юм. Би хүний энергийг хэрхэн хадгалж болох вэ гэдгийг судалдаг. Хүний гэрэл заримдаа Диваажингийн гэрэлтэй төстэй байдаг. Би үүнийг өөрийнхөө төлөө бус харин хүн төрөлхтний төлөө хийж байна. Миний нээлтүүд хүн төрөлхтний амьдралыг хялбаршуулж улмаар ёс суртахуун, сүнслэг оюунлаг байдалтайгаа холбогдоход нь тус болно гэдэгт итгэдэг. 
Сэтгүүлч: Цаг хугацаа устаж болно гэж та үздэг үү? 
Тесла: Яг ч тийм биш. Яагаад гэвэл энергийн анхдагч хууль бол үүний хувиран өөрчлөгдөх шинж чанар юм. Энэ нь яг л Даогийн үүлний хувиралтай харьцуулсантай ижил мөнхийн хувиралд оршдог. Хүн дэлхийн амьдралаа туулсны дараа ухамсраа хадгалдаг. Ертөнцийн аль ч хэсэгт амьдралын энерги оршдог. Тэдгээрийн нэг нь мөнх оршнол буюу энэ л оршнол хүнийг хүлээж байдаг. 
Ертөнц бол сүнслэг /оюунлаг/ юм. Бид замынхаа хагасыг л туулаад байна. Ертөнц биднээс илүү ёс суртахуунтай, ухаалаг юм. Яагаад гэвэл бид Ертөнцийн мөн чанарыг таниагүй, үүнтэй хэрхэн зохицож амьдрахыг мэддэггүй. Үнэндээ би шинжлэх ухааны эрдэмтэн судлаач биш. Шинжлэх ухаан бол миний тасралтгүй эрж хайдаг асуултуудын хариуг олох хамгийн тохиромжтой арга зам юм. 

Сэтгүүлч: Матери гэж юу вэ? 
Тесла: Таны нүд яасан их гэрэлтэж байна вэ! Би юу мэдэхийг хүссэн бэ гэвэл нар гэрэлтэж дуусаад юу болдог вэ? Одод энэ дэлхий дээр эсвэл өөр дэлхий дээр тоос болж унана, эсвэл амьд бүхний бодолд уусч дахин гэрэл, сансрын салхи болон төрдөг. Үүнийг ойлгох нь Ертөнцийн бүтцийг ойлгоход зайлшгүй чухал. 
Сэтгүүлч: Ноён Тесла, энэ бүхэн зайлшгүй чухлаас гадна дэлхийн оршин тогтноход ч чухал гэж та ойлгожээ! 
Тесла: Хүн төрөлхтөн хүч чадалтай болох үед хамгийн дээд зорилго нь оддын зүг чигэлж, тэдгээрийг судалж, мэдэхэд чиглэх болно. Энэ бол хүний амьдралын зорилго бөгөөд үүнийг мэдсэнээр хүн төрөлхтөн аврагдах юм. Одонд хүрэх цаг ирнэ.
Сэтгүүлч: Тэр үед юу болох бол?
Тесла: Бүтээгч инээд алдаад "оддыг хөөж гүйцээд, барьж авсан цагт л газарт унах болно" гэж хэлэх байсан. 
Сэтгүүлч: Энэ бүхэн сансар огторгуйн зовлон буюу таны зохиолдоо байнга дурддаг ойлголттой зөрчилдөхгүй юу? Сансар огторгуйн зовлон гэж юу вэ?
Тесла: Бид Дэлхий төрсөн учраас мэдэхгүй байна. Хүмүүсийн дийлэнх нь үүнийг мэддэггүй. Өвчин зовлон, хорон санаа, дайн дажин гээд бүх зүйл хүний амьдралыг маш аймшигтай утга учиргүй нөхцөл байдалд аваачиж байна. Энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй, гэхдээ ойлгож ухамсарлавал нөхцөл байдал илүү дээрдэнэ. Хамгийн ойр дотны хүмүүсийн маань нэг нь өвдөж гэмтэхэд би тэр өвдөлтийг бас мэдэрдэг. Үүний учир гэвэл бидний бие ижил материалаар бүтээгдсэн бөгөөд сүнсүүд маань салшгүй хүчээр холбогдсон байдаг. Заримдаа бид гэнэт ихээр гуниж гутардаг нь энэ гаригийн хаа нэгтээ хүүхэд эсвэл энэрэнгүй нэгэн хүн нас баржээ гэсэн үг.   

Ертөнц тэр чигтээ тодорхой үеүдэд өөрөөсөө, биднээс болж өвддөг. Одод устаж үгүй болох, солирууд бий болох нь төсөөлснөөс ч илүүгээр бидэнд нөлөөлж байдаг. Тэгвэл дэлхий дээр оршдог амьтай бүхний хоорондын холбоос бүр хүчтэй байдаг. Бидний мэдрэмж, бодлоос шалтгаалж цэцэгс улам сайхан үнэртэж эсвэл ялзарч үхэх ч боломжтой. Бид өөрсдийгөө эдгээхийн тулд эдгээр үнэнийг мэдэх ёстой. Анагаах хүч нь бидний зүрх сэтгэлд оршихын зэрэгцээ Ертөнц гэж нэрлээд байгаа бусад амьд оршлын сэтгэлд ч бас оршдог.  

Эх үүсвэр: 
https://www.linkedin.com/pulse/nikola-tesla-interview-hidden-116-years-jean-michel-letennier
https://en.wikipedia.org/wiki/Nikola_Tesla
Англи хэлнээс орчуулсан: Өлзийбилэг
Хянан нийтэлсэн: Хандсүрэн


Tuesday, June 30, 2015

Бүтээгч эдийн засагтай болж байж бид хөгжлийн тухай ярих боломжтой болно



“Хөгжил-Хүн” клубын гишүүн, “Гүүмэл” компанийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа. -Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүн бэ? Намайг Цэнддоржийн Эрдэнэбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Хэрэглээний математикч мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхлэгч. Программ хангамж, технологийн чиглэлийн “Гүүмэл” ХХК-ийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна.
 -Та хаана ямар сургууль дүүргэсэн бэ. Таныг төрийн албанд ажиллаж байсан гэж сонссон?
 Тиймээ би МУИС-ын Математик Компьютерийн Сургуулийг 1997 онд төгссөн. Төгсөөд сургуульдаа МКС-ын Программ хангамжийн тэнхимд 3 жил багшилсан. Энэ хугацаанд МУИС-ын магистрантурт суралцаж Компьютерийн шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалсан. Дараа нь 1999-2008 онд нийт 9 жил УИХ-ын Тамгын газарт программ зохиогч, вебмастер, сүлжээний инженер, админ зэрэг албан тушаалууд дээр ажиллажээ. Ингээд бодоход би төрд 12 жил алба хашсан. Дараа нь 2008-2010 онд АНУ-ын Лос Анжелес хотын ДеВрай Их Сургуульд Мэдээллийн Технологийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. Тэндээ хэсэг хугацаанд ажиллаж байгаад 2011 онд эх орондоо ирсэн дээ. Түүнээс хойш хувийн компани байгуулан ажиллаж байна.
 -Монголын залуучуудын боловсрол гадаадын залуустай харьцуулбал ямар хэмжээнд байна вэ?
 Монголын залуучуудын боловсрол аль ч улсын залуустай харьцуулахад гологдохооргүй бүүр зарим талаараа ч илүү гэж хэлж болно шүү. Ялангуяа манай академик талын мэдлэгийн түвшин маш сайн юм байна лээ. Харин мэдсэн сурсан юмаа хэрэг болгож ашиглахдаа тааруу, өөрийгөө үнэлэх, илэрхийлэх тал дээр бол маруухан гэж хэлж болно. Гадны залуус туулайн чинээ мэдлэгээ уул болгон ярьж, ашиглаж чаддаг бол манай залуус уулын чинээ мэдлэгээ туулай шиг л илэрхийлдэг гэсэн үг. Энэ л бидний сул тал даа. Үүнийгээ засчихвал Монгол залуус хаана ч гологдохгүй. Сүүлийн үеийн залуус харин энэ тал дээр маний үеийг бодвол хавьгүй дээр болж байна лээ. Энэ маш сайн зүйл. Гэвч мэдлэг хуримтлуулах нөгөө талаа орхигдуулж огт болохгүй.
 -Монголд ирээд таны нүдээр харахад ямар асуудлууд тулгамдаж байгаа гэж харж байна?
 Монголд ер нь тулгамдаагүй асуудал гэж байгаа юм уу. Бүх асуудал нь л тулчихсан, тулгамдчихсан л байна шүү дээ. Болж бүтэж байгаа юм их л ховор харагдах юм. Гэхдээ би Монголоос тэгтлээ удаан холдоогүй болохоор энэ асуудлууд надад шууд шок болж нөлөөлсөн юм байхгүй л дээ. Зүгээр л асуудлаа хамтдаа суугаад ярилцаж чаддаг. Түүнийгээ шийдэхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж чаддаг тийм улсад, тийм хүмүүсийн дунд ажиллаж амьдарч үзсэний хувьд харьцуулаад харахаар гол харлаад л байдаг юм. Бид яагаад чаддаггүй юм бэ? гэж ...
-Ер нь та ямар учраас Монголоо зорьж ирсэн бэ?
Яах гэж явсан бэ? гэдгээс эхлэн хариулъя. Мэдээж өөрийгөө боловсруулж, хөгжүүлж сургуульд суралцах гэж явсан. Сургуульдаа сурсан, төгссөн. Өндөр хөгжилтэй нийгэмд ажиллаж амьдарч үзэх юмсан гэж явсан. Америкийн нийгэмд амьдарч үзлээ, тодорхой хэмжээнд амжилт гарган өндөр технологийн компанид нь ажиллаж үзлээ. Сайхан газар, сайхан компанид ажиллаад, сайн цалин аваад санаа зовох юмгүй амьдраад байж болох л юм билээ. Гэвч хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Тэнд чи хэн ч биш, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй нэг чайниз нөхөр л харагдана шүү дээ. Дээрээс нутаг ус, аав ээж бодогдоно, санагдана. Уул ус, хөвч хангай, ой модоо зүүдлэнэ. Их хэцүүдээ. Би хар багаасаа монголдоо хэрэгтэй хүн болно гэж мөрөөддөг байсан. Харин одоо сурсан мэдсэн зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя гэж ирсэн. Дээрээс нь би жигтэйхэн эх оронч нөхөр. Монгол яагаад ингэж хөгжиж болдгүй юм бэ? гэсэн асуулт алхам тутам тулгараад байхаар сүүлдээ ер нь би энд юу хийгээд байгаа юм бэ, буцах ёстой юм биш үү, Монголоо хөгжүүлэх ёстой юм биш үү гэсэн бодол давамгайлаад нэг л өдөр бүгдийг хаяад хүрээд ирсэн дээ.
 -Та Монголд юу хийхийг хүсэж байна вэ?
 Монголд би өндөр технологийн компани босгож дэлхийн брэнд үйлдвэрлэхийг л хүсэж байна. Монгол чип технологийг хөгжүүлэхийг хүсэж байна, электрон хавтан үйлдвэрлэхийг хүсэж байна. Монголд батерэй үйлдвэрлэхийг хүсэж байна. Уг нь ийм боломж бий, ийм боломж байгаа гэдгийг нь харчихаад ирсэн санаатай юм шүү дээ.
 -Та Монголд ирээд өөрийнхөө мэдлэг чадвар дээр сууриллан ямар ажил хийсэн бэ?
 Дээр цухас дурдсанаар өндөр технологийн компанид ажиллаж байлаа гэсэн шүү дээ. Тэр ямар компани байсан бэ Augmented Reality гээд Монголоор бол Баяжуулсан бодит байдал гэж орчуулаад байгаа ийм чиглэлд үйл ажиллагаа явуулдаг энэ технологийг эзэмшдэг Total Immersion гэдэг компани юм. Энэ бол амьдралын бодит 3 хэмжээст орчинг компьютерийн хуурмаг 3 хэмжээст орчинтой холин хооронд нь ойлголцуулж програмчлах технологи юм. Ухаандаа жишээ хэлэхэд бид зөгнөлт кинон дээр хардаг шүү дээ. Таны хажууд компьютерийн 3 хэмжээст дүрс гарч ирээд таньтай харьцаад, яриад байдаг. Та даалгавар өгөөд нөгөөх нь даалгаврыг тань биелүүлээд л байдаг. Ерөнхийдөө энэ технологи бол Augmented Reality юм. Одоохондоо бид компьютерийн дүрсээ хажуудаа гаргаж ирж чадаагүй байгаа тул бид өөрсдийгөө компьютерт камерийнх нь тусламжтайгаар оруулж нөгөө дүрсүүдтэйгээ харьцаж тэднийг удирдаж байна. Нэг их удахгүй хий дүрслэл буюу холограм технологи хөгжиж компьютерийн 3 хэмжээст дүрсүүд бидний хажууд гарч ирэхэд бид тэднийг удирдах бэлэн технологитой болж байна аа гэсэн үг. Энийг Монголд хөгжүүлэх гэж нилээн үзсэн. Олигтой яваагүй, цаг нь болоогүй юм шиг байгаа юм. Өөр бас бус юм нилээн юм оролдож Монголд анхны гэсэн технологийн шийдлүүдийг хийж үзлээ. Youtube дээр Guumel Mongolia гээд хайх юм бол манай компанийн хийж байсан шийдлүүд байгаа. Овоо амжилттай болсон нь ТҮЦ машин л байх шив дээ. Энэ машины анхны загварыг гаргаж Хятадад үйлдвэрлүүлэн авчирч Ерөнхий сайд Алтанхуягт танилцуулсан хүн нь би байгаа юм.
 -Цаашид таны хийхийг зорьж байгаа зүйлс?
Өөр хийхийг хүсэж байгаа зүйлс өчнөөн байна. Дээр хэлсэн электроникийн үйлдвэртэй болмоор байна. Уг нь холын мөрөөдөл биш юм шүү дээ. Тавхан км зам барих мөнгөөр л нэг ийм үйлдвэр босно. Ер нь бол би зам барихыг буруутгадаггүй л дээ, бидэнд зам хэрэгтэй. Гэхдээ дэс дараа баймаар санагддаг. Зам барих мөнгөөрөө эхлээд иймэрхүү үйлдвэрүүдээ барьчихаад дараа нь тэндээс гарах ашгаар нь замаа барьж байвал дээр юм шиг санагдана. Мөн манай компани одоо олон улсын стандартын Дата төв /TIER IV/ байгуулах төсөл явуулж байгаа. Энэ чиглэлд Монголд маш их ирээдүй бий. Учир нь Монгол орон өөрөө Дата төв байгуулах байгалийн үнэмлэхүй зохилдлогоотой. Жилийн ихэнх нь хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, байгалийн гамшиг цунами огт болохгүй өндөрлөг газар, сэргээгдэх болох бусад эрчим хүчний хязгааргүй нөөц гээд л. Бас нэг галзуу гэмээр санаа хэлэхэд би Монголд нисдэг тэрэг үйлдвэрлэхийг хүсэж байгаа. Бүүр хүсээд зогсохгүй энэ ажлыг 2 жилийн турш хөөцөлдөөд нилээн урагштай байгаа шүү. Үйлдвэрээс өмнө бид нисдэг тэрэгний төв гэдэг юмыг байгуулж тэр нисдэг тэргээ унаж, эдлэж сурах хэрэгтэй юм билээ. Энэ хэсэг нь бэлэн болж хот зөвшөөрлөө олгож газрын асуудлыг шийдэж өгвөл баригдахад бэлэн хүлээгдэж байна. Дараагийн ээлжинд бид үйлдвэрлэх асуудалруугаа орно. Дашрам хэлэхэд үйлдвэрийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулах юм.
 -Маш олон Монгол залуус гадаадад өндөр боловсрол эзэмшчихээд тэндээ үлдчих юм аа. Тэднийг Монголд авч ирж ажиллуулах боломж бий юу?Би Цахим Өртөө Холбооны эртний гишүүн л дээ. Гадаадад байгаа Монголчуудыг нэгтгэдэг хамгийн том холбоо шүү дээ. Таны хэлээд байгаа тэр өндөр боловсрол эзэмшчихээд тэндээ үлдчихээд байгаа ихэнх залуучуудыг би танина. Учир нь бүгдээрээ шахуу “Цахим Өртөө Холбоо” - ны гишүүд байдаг юм. Тэднийг буцааж авчирч болох уу гэж та асуулаа. Нэгдүгээрт хэлэхэд тэдний нилээдгүй олон нь буцаад ирчихсэн байгаа шүү. Эх орондоо ирээд тус тусын салбарт хүчээ өргөөд явж байгаа. 2- рт бусдыг нь яаж авчрах вэ? гэж та асууж байгаа бол ажиллаж амьдрах орчинг нь бэлд гэж хэлмээр байна. Орчин гэдэг маань гоё сайхан байшин, зам харгуй, ресторан баар биш юм шүү дээ. Тэд үүнийг хүсээгүй. Тэд Монголын байшин барилгыг голоогүй, онхолдож үхмээр зам харгуйгаа, шороо шуурсан гудамжаа голоогүй ээ. Ажилдаа очих гэж өдрийн талыг барж байгаа замын түгжээ ч тэдэнд сонин биш. Гол нь сурсан юм аа ашиглаж хийж бүтээх боломжийг нь л бүрдүүлэх хэрэгтэй. Судлаачдад нь судалгаагаа хийх лаборатор алга байна, шинийг бүтээгчдэд нь бүтээлээ хийх төв нь алга байна шүү дээ. Технологийн дээд эрэмбийн мэдлэг эзэмшээд дэлхийн компанид ажиллаж байгаа тэр хүмүүст нь ирээд ажиллах тийм компани нь алга байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг л бид бодлогоор бүтээх ёстой юм. Ядаж эхлэлийг нь тавих хэрэгтэй. Тэгсэн цагт тэд өөрсдөө уйлалдаад л ирнэ. Нээрээ шүү. Тэд эх орноо та биднээс илүү бэтгэрч санаж байгаа!
- Монгол улс дэлхийн хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах ямар гарц боломж байна вэ?Нэгдүгээрт бид бүтээгчидээ л дэмжмээр байна. Бид 25 жил ганзагын наймаачдаа дэмжлээ шүү дээ. Монголын эдийн засаг бүхэлдээ хэрэглээний эдийн засаг болж хувирлаа. Үүгээрээ би наймаачдыг буруутгах гээгүй шүү. 90- ээд оны хүнд үеийг бид тэдний хүчээр л давж гарсан. Тэд эх орноо хүнд үед нь авч гарсан баатрууд юм. Баярлалаа гээд хэлчихье! Харин одоо бид өөрөөр явах цаг болжээ, арай өөр түвшинд ажиллах хэрэгтэй болчихоод байна. Бид хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих цаг болсон. Дандаа л гаднаас худалдаж аваад байвал бид яаж хөгжих юм бэ? Эхлээд бид өөрсдийгөө хангах зүйлээ өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй, дараа нь болж өгвөл гадагшаа зарах хэрэгтэй. Ингэж байж л хөгжил ярих боломжтой болно.

Хоёрдугаарт дээр хэлсэн гадаадад байгаа өндөр мэргэшсэн боловсон хүчний нөөцөө ашиглах хэрэгтэй. Үүний тулд аль чиглэлийн ямар үйлдвэр байгуулбал бидэнд боломжтой вэ гэдгээ эдгээр хүний нөөц дээрээ тулгуурлан шийдвэрлэх хэрэгтэй юм. Бүх юмаа хөгжүүлнэ гээд хаа хамаагүй юм самардаад байж болохгүй ээ гэсэн үг. Өөрсдийн хүч нөөцдөө таарсан юмаа барьж авах хэрэгтэй.

Гуравдугаарт дотоодын нөөцөө зөв ашиглах хэрэгтэй байна. Энэ л хамгийн чухал. Ер нь бол хамаг ухаантнууд нь гадаадад гараад явчихсан Монголд дандаа усан тэнэгүүд нь үлдчихсэн юм биш шүү дээ. Гадаадад байгаагаас илүү хүч нөөц дотооддоо бий. Эдгээр хүмүүсээ түшиж тулж, хөдөлгөх хэрэгтэй байна.

Ингээд ерөнхийд нь хэлэх юм бол цэгцтэй, тогтвортой хөгжлийн бодлого хэрэгтэй байгаа юм даа. Тийм бодлоготой болоод, хүмүүсээ зөв хуваарилаад, хэрэгжүүлж чадвал Монгол улс гэрлийн хурдаар л хөгжинө.
-Миний асууж амжаагүй хөндөгдөөгүй сэдэв байвал сүүлчийн асуултыг таньд үлдээе?
Ер нь хараад байх нээ сүүлийн үед телевиз радио, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр ихэнхдээ л хар бараан, болохгүй бүтэхгүй байгаа тухай мэдээлэл түгж байх юм. Түүнд нь ч хүмүүс дурлан шимтэж байх шинжтэй. Энд ийм сайхан юм болж байна, ингэж бүтээж байна гэдгийг огт сонсохгүй мөртөө тэнд нэг нь тэгж бүтэлгүйтлээ, ингэж баларлаа гэсэн яриа гарангуут л шаагилдаад л шавчих шинжтэй Уг нь ийм баймааргүй л байх юм. Монголчууд бид өөсрдийгөө нэг хар даа. Хичнээн сайхан сэргэлэн цовоо, эрүүл чийрэг, хөөрхөн хүмүүс байна. Хар л даа бие биенээ. Ийм өндөр боловсролтой, эрүүл чийрэг, сэргэлэн цовоо дээрээс нь дарагдашгүй хүсэл тэмүүлэлтэй ийм ард түмэн ховор шүү энэ дэлхийд. Энэ гоё сайхнаа бид олж харах хэрэгтэй байна. Өөрсдөдөө байгаа сайн сайхнаа олж харж, өөрсдийгөө үнэлж, өөрсөддөө итгэж, өөрсдийгөө хайрлаж амьдарцгаая хүмүүсээ.
 -Ярилцалгаа өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсэе
 -Баярлалаа. Чамд ч бас
Г. Содцэцэг
- See more at: http://chingis.mn/index.php?view=article&type=item&val=1146#sthash.M4D4PrTk.dpuf

Wednesday, April 23, 2014

Пирамид бидний бүтээл биш ээ - II

Пирамидийг бүтээгч жинхэнэ эзэд! Ийм хүмүүст л пирамид мэтийн гайхамшигт байгууламжийг бүтээх хүч чадал оюун ухаан байсан байж таарна !!! Мэдээж нотолгоо байхгүй учир нь ийм нотолгоо Дэлхийг удирдаж буй улс гүрнүүдэд маш аюултай. Дэлхий даяар санаатай санаагүй тулган хүлээлгэсэн шашин шүтлэг, бүтээгч эзний тухай бүх домог утгаа алдах тул иймэрхүү зүйлийг улсын нууц нэрийн дор шууд нуудаг байна.










Бодит хэмжээгээр нь зурсан зураг. Пирамидын ханан дээрх ийм зургууд зураачийн уран сэтгэмж биш гэдэг нь улам тодорхой болж байна.





Wednesday, February 26, 2014

Цахилгаан Торгоны Зам. /Coal Mongolia 2014 чуулганд тавьсан илтгэл/


Ази Европын олон орны судар бичгүүдэд өнөөгийн бид сонсоод үнэмшихэд бэрх үлгэр домог мэт санагдах гайхамшигт нэгэн замын тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Оршихуйн хувьд баларч бүдгэрээд олон зуун жил болсон ч түүхийн нугачаан дундаас хүмүүний оюун санаанд улам тодрон гялалзах нь Торгоны замын бас нэгэн гайхамшиг бөлгөө.  Ид шидийн ертөнц рүү шулуухан хөтлөн аваачих энэ зам чухамдаа юу байсан бэ? Азиас Европ руу торго зөөдөг зам гэхээсээ илүү өнөөгийн бидний хэллэгээр глобальчлалын эхийг тавьж, ази европ хүмүүний мэдлэг оюун, соёлын гүүр болж хүн төрөлхтөний хөгжил дэвшил үнэлж баршгүй хувь нэмэрээ оруулсан гайхамшигт харгуй байсныг бид одоо харж байна. Яагаад байсан гэж? Тиймээ энэ зам одоо бодитоор байхгүй, байсныг нь илтгэх элс нурангид дарагдсан хот балгад, түүхийн шарласан хуудсан дээрх үлгэр домог нь л үлджээ. Тэгвэл энэ замыг урд хөрш Хятад улс маань сэргээхээр эрчимтэй ярьж эхэллээ. Орчин үеийн төмөр зам, авто зам тавихын зэрэгцээ газрын тос, байгалийн хийн хоолой татна гэж яригдаж байна. Үүнтэй зэрэгцээд Азиас Европ руу эрчим хүч экспорлох өндөр хүчдэлийн алсын зайн шугам барихаар яригдаж байна. 
Ингэхдээ Хятад улс дангаараа энэ их эрчим хүчийг нийлүүлж чадахгүй тул Орос, Монгол, Казахстан улсуудыг оролцуулаад Оросоос ус болон байгалийн хийн эрчим хүч, Монголоос нүүрсний эрчим хүч, Хятадаас нүүрс болон салхины эрчим хүч, Казахстанаас нүүрсний  болон нарны эрчим хүч авч нийлүүлээд Европ руу гаргахаар үндсэн зарчимыг боловсруулжээ. Энэ өндөр хүчдэлийн шугамыг барих маршрут нь Монголын эзэнт гүрний үеийн Торгоны замын маршруттай яг давхцаж байгаа нь сонирхолтой тохиол юм. Тэгвэл бид юу хийх вэ? Шийдэл бол энгийн бөгөөд маш тодорхой байна. Бид Хятадуудын хүсээд байгааг өгөх хэрэгтэй.  Хүрэн нүүрсний орд газрууд дээрээ цахилгаан станцууд бариад "шинэ" Торгоны замын Эрчим хүчний энэ шугамд нэгдэх хэрэгтэй. Ийм ч учираас бид Цахилгаан Торгоны Зам хэмээх төслийг дэвшүүлж байна аа. Үйл ажиллагааны цар хүрээ, шаардагдах хөрөнгө оруулалт, олон улс геополитикийн асуудал хөндөж байгаа гэх мэт шинж чанараараа энэ төсөл Монгол улсад урьд өмнө хийгдэж байгаагүй аварга том төсөл болно оо. Өнөөдөр энэ танхимд илүү прагматик, илүү бодит ажил ярьж байгааг ойлгож байна. Гэвч бид ТОМ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Томоор мөрөөдөж чадсан нь илүү хол алхадаг нь жам юм. Тиймээс бид энэ сэдвийг энд оруулж ирж ярьж байна.  Ингээд дахин асууя тэгвэл бид юу хийх вэ? Хятадыг бид өөрөөр харах цаг болсоон. Монголчууд бид Хятадаас болгоомжилж, Хятадаас жийрхэж айдаг нь нууц биш. Тэгвэл бид АЙДАСТАЙГАА НҮҮР ТУЛАХ, ТҮҮНИЙГЭЭ ТЭВЭРЧ АВАХ хэрэгтэй байна. Бид Хятад улстай илүү өөр түвшинд, илүү ойртож, илүү хамтарч ажиллах цаг болжээ. Тиймээс бид Европ руу эрчим хүч экспортлох Хятадын энэ том хүсэл сонирхлыг дэмжин нэгдэх хэрэгтэй. Уурхайн аман дээр цахилгаан станцууд барьж эрчим хүчний экспортын нэгдсэн сүлжээ үүсгэн Торгоны замын сүлжээнд холбосноор бидэнд ямар үр дүн өгөх вэ? 
3 төрлийн үр ашиг байна. 1-рт Хятадын том сонирхолд нийлж хамтарч ажиллах нь бидэнд ашигтай. Бид хичнээн өөрөөр янз бүрээр ярьлаа гээд бидний цорын ганц худалдан авагч нь Хятад улс л байгаа. Худалдан авагчтайгаа хамтарсан бизнес л хамгийн ирээдүйтэй хамгийн зөв байдаг. Тиймээс бид Хятадыг элдвээр хэлж тойрч гүйхийн оронд илүү ойртож хамтарч ажиллах нь Монголчууд бидэнд л хэрэгтэй. 2-рт гарах үр дүн бол Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг шууд нэмж байна. Бид экспортод гаргах кокс нүүрснийхээ өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд олборлолтын зардлыг бууруулах хэрэгтэй. Олборлох зардал бага байж зарах үнэ ашигтай гарах болно. Үүний тулд олборлолтын зардлын 70 хувийг бүрдүүлдэг дизель түлшнээсээ салах хэрэгтэй. Бүх техник, тоног төхөөрөмжөө цахилгаанаар ажиллуулаад уурхайн аман дээр барьсан энэ цахилгаан станцаараа тэжээх буюу өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн цахилгаанаараа өөрийгөө хөдөлгөдөг тийм уурхайнуудыг бий болгох хэрэгтэй байна. Ингэвэл Монголын нүүрс хамгийн хямдаар олборлогдож, зах зээлдээ хамгийн ойрхон байршилтай гэх 2 үзүүлэлтээрээ л бусдаас хол тасархай өрсөлдөх чадвартай байх болно.
Бидний мэдэх уурхайн бүх техникүүд цахилгаанаар ажилладаг болсон байна. Тээвэрлэгч машиныг хүртэл шугамыг нь татаад троллейбус шиг явуулж болох бөгөөд ухагч, ачигч техникүүдийн үндсэн механизм угаасаа цахилгаан байдаг байна. Дизель түлшээрээ цахилгаан гаргаад түүгээрээ ажилладаг гэсэн үг. Тиймээс дизель хэсгийг тэр чигээр хасаад цахилгаанд залгахад шууд ажиллана. Мөн тээвэрлэлтийн асуудлыг машин техникээр биш дамжлагаар шийдвэл бүр хямдрах боломжтой.
3-рт гарах том үр ашиг бол Хятад болон Зүүн Хойд Ази буюу Япон, Солонгос руу эрчих хүч экспортлох боломжтой болно. Хятад руу Монголоос эрчим хүч экспортлохоор 2005 онд Их эвслийн засгийн газрын үед гарын үсэг зурсан санамж бичиг байдаг. Энэ ажил зөвхөн Монголчууд бидний буруугаас болж өдийг хүртэл биелэлээ олоогүй явж байна. Энэ ажил биелэлээ олох бодит боломж байна. Мөн нар салхины эрчим хүч гаргаад түүнийгээ Зүүн хойд Ази руу экспортлох тухай сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байна. Гэтэл нар салхины эрчим хүч маань тийм ч найдвартай эх үүсвэр биш юм. Нар нь гарахгүй салхи нь гарахгүй бол эрчим хүч байхгүй гэсэн үг. Тиймээс нар салхины энэ тогтворгүй эх үүсвэрээ нүүрсний найдвартай тогтвортой эрчим хүчтэй нийлүүлснээр бид стандартын шаардлага хангасан цахилгаан экспортлох боломжтой болно. За ийм 3 үндсэн үр ашиг байна. Эрчим хүчний нэгдмэл энэ системийг бий болгохын тулд бид юу хийх вэ? Нэгдэх хэрэгтэй! Өнөөдөр Монголд нүүрсний орд эзэмшигчийн 250 орчим лиценз байна. Энэ нь 200 гаруй компани гэсэн үг. Бидэнд өнөөдөр тус тусдаа жалга довондоо нүүрсээ хүрздээд, хувингаар зөөгөөд суух уу? эсвэл нэгдэж нийлээд үндэсний том компани бий болгож дэлхийн хэмжээнд өрсөлдөх үү гэсэн 2 сонголт байна. Бид та бүхэнд 2 дахь сонголтыг санал болгож байна.
Бид том эрх ашгийнхаа төлөө нэгдэх хэрэгтэй. Нэгдэж нийлбэл ямархуу далайцтай компани нь бий болохыг баримжаалж үзье ! Бидэнд 170 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний таамаг нөөц байна. Үүнийгээ баталгаажуулж ядаж 50 тэрбум тоннын нөөцийг энэ компанид нийлүүлж чадвал дэлхийн зах зээлийн үнэлгээгээр 50 тэрбум ам.долларын үнэтэй компани бий болно. Тэгвэл өнөөдрийн дэлхийн хамгийн том нүүрсний эрчим хүчний компани Peabody Energy гийн зах зээлийн үнэлгээ нь 20 тэрбум ам.доллар, Shenhua ба China Coal нийлээд 16 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна. Эндээс харахад Монголчууд бидэнд дэлхийн хамгийн том нүүрс, эрчим хүчний компани бий болгох нөөц бололцоо байна аа. Угаасаа ингэж байж л бид дэлхийн зах зээлд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадна. Жалгаар нэг тарсан тус бүр нь 10-20 сая ам.долларын үнэтэй  компанитай хэн ч тоож харьцахгүй ээ. Харин нөөцөө нийлүүлээд дундаасаа хувь хувьцаагаа нийлүүлсэн дэлхийн хамгийн том нүүрсний компани босгоод ирвэл дэлхий хүссэн хүсээгүй бидний үгийг сонсох болно. Бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хүчтэй болно оо гэсэн үг. Үүний тулд нэгдэх хэрэгтэй ! 
Фукушимагийн сүйрлээс хойш Атомын цахилгаан станцын ирээдүй бүрхэг болсон. Ялангуяа Европ, Зүүн Хойд Ази тэр чигээрээ атомын цахилгаан станцаас татгалзах талаар ярьж эхэллээ. Дээр хэлснээр сэргээгдэх эрчим хүч нь тийм ч найдвартай эх сурвалж биш. Тиймээс дараагийн шинэ эх үүсвэр олдтол хүссэн хүсээгүй нүүрсний эрчим хүч дэлхийг хөдөлгөгч гол эрчим хүч хэвээр байх дүр зураг харагдаад байна.  Гэвч нөгөө талаас нүүрс нэг л өдөр хэнд ч хэрэггүй шороо болох бодит үнэн бий. Хүн төрөлхтөн илүү аюулгүй, илүү үр дүнтэй, байгаль орчинд илүү ээлтэй эрчим хүчний дараагийн эх үүсвэрийг олоход ойрхон байна. Тиймээс энэ үе бол Монголын нүүрсыг үр дүнтэй ашиглах сүүлчийн боломж ч байж мэднэ. Тиймээс бид хойч үедээ хадгалах тухай уярам яриагаа орхиод шууд ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Бидний хойч үед нүүрс хэрэггүй ээ тэд  нүүрснээс огт өөр юмнаас эрчим хүч гаргаж авах болно.  
Эцэст нь энэ илтгэлээр хэлэх гэсэн үндсэн санаа бол нүүрсийг өөрийнх нь үндсэн мөн чанараар нь буюу эрчим хүч гэдгээр нь харж ашиглаж эхэлье. НҮҮРС=ЭРЧИМ ХҮЧ ! Монгол улс нүүр экспортлогч биш Эрчим хүч экпортлогч орон болж өөрчлөгдье гэж уриалж байна аа. Анхаарал тавьсанд баярлалаа.  



Tuesday, January 7, 2014

Том төрөөс Ухаалаг төр рүү сэдвээр Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлага.



Ц.Эрдэнэбат: Ухаалаг төр гэдэг энгийнээр хэлбэл бүртгэл гэсэн үг
АН-ын дэргэдэх “Олуулаа” клубын гишүүн, “Метатек” компанийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Мөн “Олуулаа” клубынхаа талаар сонирхуулахгүй юу?
-“Олуулаа” клубыг анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар байгуулж байсан юм билээ. Сүүлд энэ клуб “Монгол туургатны цахим өртөө” холбооны гишүүдээр гол цөмөө бүрдүүлснээр Ардчилсан намын дэргэдэх “Олуулаа” клуб болж үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байна. Монгол туургатны цахим өртөө” холбооны тухайд бол гадаадад байгаа монголчуудаа холбох, санал бодлыг нь солилцуулах зорилгоор1999 онд байгуулагдсан юм. Клубын маань цөм оюунлаг залуусаас бүрддэг учраас “Оюуны хувьсгал” нэртэй цуврал лекц явуулдгийг олон нийт мэдэх байх. Миний хувьд МУИС-д багшаар, УИХ-ын Тамгын газарт сүлжээний инженер, программ зохиогчоор ажиллаж байгаад АНУ-д мастер хамгаалаад эх орондоо ирсэн. Одоо бол хувиараа бизнес эрхлэгч.
-Танай клуб Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн бодлогыг дэмжиж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Ерөнхийлөгч оны өмнө “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн хэлэлцүүлэг явуулсныг хүмүүс санаж байгаа байх. Үнэндээ  бол энэ тийм ч шинэ содон ойлголт биш юм. Өмнө нь энэ талаар тодорхой төвшинд салбар бүрдээ 10 гаруй жил ярьсан. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сая бүгдийг нь нэгтгээд, тодорхой хөтөлбөр болгоод өөрөө манлайлна гэдгээ илэрхийлээд нийгэмд гаргаад ирлээ. Энэ нь бидний, бас нийт залуучуудын хувьд загатнасан газар нь маажсан юм шиг л үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн 20-иод жил хэчнээн сайхан ардчилсан улс болсон. Зарим талаараа гаднын улсуудад үлгэр жишээ болохуйц байгаа гэж ярьж байгаа ч, дотроо бас болохгүй юм байна шүү дээ. Энэ болохгүй байгаа бүхнийг Ерөнхийлөгч хэлсэн, гаргаж ирсэн. Авлига газар авсан, танил тал, хамаатан садан, найз нөхдөө албан тушаалд томилдог үзэгдэл утгаа алдлаа шүү дээ. Төрийн албан хаагчдийг “Команд бүрдүүлэх” нэрээр намын харьяаллаар нь хоморголон халж байна. Ингэж томилгоо хийхдээ тухайн хүний хийж бүтээх чадвар, мэргэжлийн чиг баримжааг огт харгалзаж үзэхгүйгээ зөвхөн өөрт нь үнэнч хүн байвал л боллоо гэж үзээд томилгоо хийж байна. Хамаа замбараагүй  томилж байгаа шүү дээ. Засгийн газар сайдуудын хувьд бол мэргэжил огт хэрэггүй ч юм шиг болчлоо. Энэ бүхэн бол залуу хүмүүсийн хувьд эмзэглэж явдаг сэдэв нь. Үүнийг л Ерөнхийлөгч гаргаж ирсэн хэрэг. Бид ч түүнийг дэмжиж байгаа.
-Хүмүүс “Том төрийг жижиг болгоно, тэнэг төрийг ухаан суулгана” гэх зэргээр санал бодлоо илэрхийлж эхэлсэн. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нэрний хувьд хүмүүс янз бүрээр л ярьж байгаа байх. Гэхдээ гол санаагаа зөв, ойлгомжтой гаргасан учраас үг үсгийн алдаанд анхаарал тавихгүй байх нь дээр. Том төр гэдгийн хувьд бүтцийнхээ хувьд данхайсан л гэсэн үг. Хоёрдугаарт, хүнд сурталтай, хөдөлж өгдөггүй бул чулуу шиг төртэй болсон байна гэж ойлгож байгаа. Эд бүгдийг багтаасан илүү гоё үг хайж явахын оронд “Том” гээд хэлчихэд болж байгаа юм. Гэхдээ бас “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдгийг цомхон төр гэж шууд утгаар нь ойлгож болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл, одоо байгаа бүтцийг цомхотгоно гэж ойлгож болохгүй. Тийм бололцоо ч байхгүй. Харин одоо байгаагаасаа томруулахгүйгээр үйл ажиллагаа нь хурдан явдаг. Ямар нэгэн саатал чирэгдэлгүй хөдөлж байдаг механизм нь зөв ажилладаг төртэй болохыг  “Ухаалаг төр” гэж хэлээд байгаа юм. Түүнээс хүмүүсийг нь халаад цомхотгоод хурдан ажилладаг болгоно гэвэл өрөөсгөл ойлголт болно.
-Тэгвэл “Ухаалаг төр” ямар байх ёстой вэ?
-Энэ талаар их олон юм ярьж өгч болно л доо. Учир нь, төр бүх юманд оролцдог. Нэг үгээр хэлбэл, нийгмийн бүхий л салбарт төр гэдэг элемент оролцож байдаг шүү дээ. Тиймээс Ухаалаг төр нэрийн дор зах хязгааргүй юм ярьж болно. Гэхдээ энэ ойлголтыг ганцхан үгээр амьдралд хөрсөн дээр буулгаад хэлбэл, ердөө л “бүртгэл” гэсэн үг. Бүх ажиллагаагаа бүртгэж чаддаг төрийг л ухаалаг төр гэж хэлж болно. Иргэний бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэл, төрийн албаны, оюутны, хүний нөөцийн г.м төрөл бүрийн бүртгэлийн системээс гадна төрийн үйл ажиллагааны бүртгэлийн систем шаардлагатай байна. Дээр хэлснээр төр үйлдэл бүрээ бүртгэдэг байх хэрэгтэй. Учир нь энэ бүртгэлүүд нийлээд бидний олон жил хайгаад олохгүй байгаа нөгөө Төрийн ой санамж гэдгийг чинь бүрдүүлдэг юм.  Дээрээс нь бүртгэлийн иймэрхүү системийн хүчээр ажлыг заавал бодит хүнд оноож өгдөг байх хэрэгтэй. Ерөөсөө 2 хүний дунд нэг ажил даалгахад л ажил эзэнгүйддэг.  Өнөөдөр төрийн ажил явахгүй байгаагын гол шалтгаан нь энэ. Хариуцах эзэн тодорхойгүй бие бие рүүгээ бөмбөг шиг түлхсээр эцэстэй хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж ажил замхардаг.  Ажил заавал эзэнтэй байх ёстой шүү дээ. Жишээлбэл, Иргэний гаргасан гомдолд тодорхой хугацааны дотор хариу өгөх ёстой гэдгийг нь бзртгэдэг систем байгаад хугацаандаа хариуг нь өгөхгүй бол систем нь тэр хүнд сануулаад болохгүй бол даргад нь “энэ Дондог гэдэг хүн чинь ажлаа хийхгүй байна шүү” гээд мэдээлдэг байвал ажил явна шүү дээ.
-Өнөөдрийн төрийн албанд энэ тогтолцоо байхгүй гэж үү?
-Би өөрөө төрд 10 гаруй жил ажилласан хүн. Төрийн ажил яаж явдгийг гадарлана л даа. Төрийн ажлыг нэг хэлтэс, эсвэл даргад даалгадаг. Нөгөө дарга нь дороо байгаа хүмүүстээ даатгаад л хаячихдаг. Эцсийн дүндээ нөгөө ажлыг нь хэн хийх нь, хийгээд байгаа нь ойлгогддоггүй. Хоёр ба түүнээс олон хүний дунд орхигддог гэсэн үг. Хэнд ажил хариуцуулсан нь тодорхойгүй, оноосон хүнгүй. Эцэст нь хүн болгон өөрөөсөө зайлуулаад л өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцох хүн олддоггүй. Тийм учраас ажлын процессуудыг загварчлах ёстой юм. Бүх юм нь тодорхой энэ ажлыг энэ хүн хариуцна, энд шийдвэр гарч байж цаашаа явна. Хэрэв шийдвэр гаргаагүй бол энэ ажил цаашаагаа явахгүй гэх мэт. Ингээд шат шатандаа бүх юм тодорхой бүртгэлтэй болчихвол төрийн ажил цалгардахгүй. Тэгээд ч бүх зүйл нь тодорхой байвал хүн өөр дээрээ ажил овоолоод байхыг хүсэхгүй шүү дээ. Ажлаа хийж л таарна. Одоо бол зарим албан хаагч даргынхаа өгсөн ажлыг эхнээс нь шүүгэндээ хийгээд мартчихсан байх тохиолдол их бий шүү. Үгүй ядаж иргэн бүтэшгүй зүйл хүссэн бол бүртгэлийн дагуу тэр асуудлыг нь хянаж үзээд “Энэ бүтэхгүй юм байн” гэдэг хариуг нь өгч байх ёстой байхгүй юу. Одоо бол иргэдийн гаргасан санал, гомдол  бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй, төрийн машин руу живээд алга болчихдог. Ингэж нэгнийхээ цагийг үрдэг байж болохгүй л дээ. Товчхондоо бол ухаалаг төрийг бий болгох дэд бүтэц нь мэдээллийн технологи тэр тусмаа нарийн бүртгэлийн систем байх юм.
-Манайханд IT нэвтрүүлснээр ажлын байрны тоо цөөрдөг гэсэн ойлголт байдаг.  Тэгэхээр хүссэн хүсээгүй төрийн алба цомхон болох юм биш үү?
-IT нэвтрүүлснээр ажлын байрыг цомхотгодог, цаасны хэрэглээг бууруулдаг гэсэн ойлголт нийгэмд яваад байдаг. Үнэндээ бол тийм юм байхгүй шүү. Харин ч эсрэгээрээ үр дүн гараад байдаг. Цаасны хэрэглээ ч буурахгүй, ажлын байр ч цөөрдөггүй. Яагаад гэвэл мэдээллийн технологийг хэрэглээд эхлэхээр ажлын цар хүрээ томордог. Жишээ нь, мэдээллийн технолог нэвтрүүлээгүй байхдаа өдөрт 100 ажил шийддэг байсан хэлтэс байлаа гэж бодъё. Тэгвэл мэдээллийн технологи ашигласнаар бүртгэж байгаа ажил нь 1000 болж өсдөг. Үүнээс цаасаа хэмнэлээ гэж бодоход ялгаагүй л 100 хуудас юм хэвлэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааных нь цар хүрээ мэдээллийн технологио дагаад өсч байгаа хэрэг. Энэ хэрээр орон тоо цомхотгох, цаасны зардлаа хасах боломжгүй болно.
-Үүнийг хийхэд хэцүү юу. Бид өөрсдөө хийх бололцоо байгаа юу. Үнэ өртгийн хувьд ямар байдаг бол?
-Энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Учир нь, энэ бол энгийн л нэг бүртгэлийн систем шүү дээ. Монголын дурын нэг компани хийчих зүйл гэж ойлгож болно. Үнэ өртгийн хувьд ч санаа зовоод байх юм байхгүй.
-“Олуулаа” клуб үүнд ямар байдлаар оролцож байгаа юм бэ?
-Манай клуб энэ асуудлыг бодлогын хэмжээнд дэмжиж манлайлах хүсэл зорилго байгаа. Үүнийг чинь бас тодорхой хэмжээнд “хувьсгал” гэж нэрлээд байгаа шүү дээ. Баабар бол “Элбэгдоржийн хувьсгал” гээд хэлчихсэн байгаа. Манай клубт оюунлаг залуус олон байгаа болохоор яаж хийх вэ гэдэг шийдлийг боловсруулах, эрх зүйн акт бусад баримт бичгийн ажилд оюун бодлоо уралдуулах нь тодорхой. Гэхдээ бас гүйцэтгэл тал дээр нь ч гэсэн оролцох сонирхол байгаа. Жишээ нь, миний хувьд энэ ажлыг хийе гэсэн саналаа тавьчихсан байгаа. Яагаад гэвэл би компьютерийн программист мэргэжилтэй, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанитай. Бид эхний ээлжид Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүсэлтээ гаргаад Шилэн дансны системийг хийж эхлээд байгаа.
-Таны хэлснээр энэ “Хувьсгал”-ыг хийхэд хэр их цаг хугацаа орох бол?
-Мэдээж нэг амьсгаагаар бүгдийг хийнэ гэж байхгүй л дээ. Ер нь монголчуудын нэг муу зан байдаг. Тэр нь юм хийхгүй бол хийхгүй л байгаад байдаг. Харин нэг хийхээрээ нэг мөр бүгдийг нь хийх гээд дайраад байдаг зан. Асуудлыг цогцоор нь шийднэ ч гэх шиг. Цогцоороо шийдэгддэг асуудал гэж энэ хорвоо дээр байхгүй. Ялангуяа мэдээллийн технологи цаг үеэ дагаад байнга хөгжиж байдаг зүйл. Өнөөдрийн асуудал маргааш огт ач холбогдолгүй болж ч мэднэ. Тийм учраас өнөөдөр өмнө чинь байгаа асуудлыг нэг их олон бодоод байлгүй шууд барьж аваад шийдээд явчих хэрэгтэй.
-Ухаалаг төртэй болъё гэсэн санааг хаа очиж эсэргүүцээд байгаа хувь хүн, улс төрийн хүчин ховор байх шиг санагдсан.
-Үүнийг эсэргүүцэх шалтгаан байхгүй л дээ. Аль эрт л хийх ёстой байсан ажил. Түүнийгээ хийхгүй л яваад байсан байхгүй юу.
-Энэ ажлыг хэрэгжүүлсэн гаднын туршлага байдаг уу?
-Ер нь бол шинэ зүйл биш гэж хэлсэн. IT талаас нь хариулахад бидэнтэй төстэй  хүн ам цөөтэй Эстони улсад үүнийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Манайхан ч Эстонийн загварыг сонирхож байгаа юм билээ.

.