Monday, January 18, 2016

Их цагаан сүлдэнд мөргөх айлтгал. Д.Пүрэвдож

Мөнх тэнгэрийн хүчийн дор
Монгол Улсын суу залийн эрхэн дор
Найман зовхисыг хүрээлэн
Нарны тэнхлэгт хүрдлэн

Ертөнцийн тулах цэгээс тэнгэрлэсэн
Есөн цагаан хүсэл
Есөн цагаан цацал
Есөн цагаан сүлдэндээ мөргөн айлтгая !

Эвлэрсэн улсыг тань ээдрээж
Эвшээсэн нумыг тань эрхээж
Эрсэлсэн ханыг тань эмтэлж
Элгэн зуур эвдрэлцсэнийг өршөө!

Эзэн Чингисийн зарлигийг огоорч
Эх орныхоо заяаг огшоож
Эрхэт төрийнхөө жолоог ончроож
Эмээлээс буугаад эндсэнийг өршөө!

Хатуу зөөлөн өглөгт өрсөж
Харийн өлмийд өвдөг өлтөрч
Хархорумын өрхийг бүтээж
Халдах дайсанд өеөдсөндийг өршөө!

Хатан зоригоо зуланд жаргааж
Хан илдээ хадганд зэврээж
Хасвуу тамгаа түүхэнд хагсааж
Харанхуй билгүүн мунхарсныг өршөө!

Алдар сүрийн омогшилд эрдэж
Алмай залхайн орхилд автаж
Алд биеийг оторт гортож
Алжаалаас эмээн амирласныг өршөө!

Айлсан хадамсан өчиггүй сүжирч
Амин нутгаа өмлөн зуйрч
Алаг дэлхийгээс хаяа ханзлаж
Алтан аргамж атираасныг өршөө !

Уурагтайгаа амласан хэлээ хэлтлэж
Улстайгаа мэндэлсэн бичгээ адлаж
Уламж соёлдоо харалган тэрслэж
Ура бархиран бүрэлгэснийг өршөө !

Ургуул үндсийг тань хилсээр сэндэж
Уугуул үрсийн тань цусаар мандаж
Улаантнууд егүүтгэхэд нүглийг хүлцэж
Улсын цаазаар яллаагүйг өршөө !

Туулсан алдас харууслыг эс мартъя
Тусгаар тогтнолоо амиараа халхалая
Тулсан голомтоо удмаараа мөнхлөе
Туг сүлдэндээ үүний тулд андгайлъя

Эрх чөлөө, ардчилалын хүчин дор
Эх орны сэргэн мандлын эрхэн дээр
Найман зуун товчоог
Наран дор тогтоож

Ертөнцийн чих нүднээ сүндэрлэсэн
Есөн цагаан хүсэл
Есөн цагаан цацал
Есөн цагаан сүлд минь
Эл андгайг хэн эс дагваас
Эцэг тэнгэр хүнд гэсгээтүгэй !

No comments: