Tuesday, January 7, 2014

Том төрөөс Ухаалаг төр рүү сэдвээр Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлага.



Ц.Эрдэнэбат: Ухаалаг төр гэдэг энгийнээр хэлбэл бүртгэл гэсэн үг
АН-ын дэргэдэх “Олуулаа” клубын гишүүн, “Метатек” компанийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Мөн “Олуулаа” клубынхаа талаар сонирхуулахгүй юу?
-“Олуулаа” клубыг анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар байгуулж байсан юм билээ. Сүүлд энэ клуб “Монгол туургатны цахим өртөө” холбооны гишүүдээр гол цөмөө бүрдүүлснээр Ардчилсан намын дэргэдэх “Олуулаа” клуб болж үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байна. Монгол туургатны цахим өртөө” холбооны тухайд бол гадаадад байгаа монголчуудаа холбох, санал бодлыг нь солилцуулах зорилгоор1999 онд байгуулагдсан юм. Клубын маань цөм оюунлаг залуусаас бүрддэг учраас “Оюуны хувьсгал” нэртэй цуврал лекц явуулдгийг олон нийт мэдэх байх. Миний хувьд МУИС-д багшаар, УИХ-ын Тамгын газарт сүлжээний инженер, программ зохиогчоор ажиллаж байгаад АНУ-д мастер хамгаалаад эх орондоо ирсэн. Одоо бол хувиараа бизнес эрхлэгч.
-Танай клуб Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн бодлогыг дэмжиж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Ерөнхийлөгч оны өмнө “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн хэлэлцүүлэг явуулсныг хүмүүс санаж байгаа байх. Үнэндээ  бол энэ тийм ч шинэ содон ойлголт биш юм. Өмнө нь энэ талаар тодорхой төвшинд салбар бүрдээ 10 гаруй жил ярьсан. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сая бүгдийг нь нэгтгээд, тодорхой хөтөлбөр болгоод өөрөө манлайлна гэдгээ илэрхийлээд нийгэмд гаргаад ирлээ. Энэ нь бидний, бас нийт залуучуудын хувьд загатнасан газар нь маажсан юм шиг л үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн 20-иод жил хэчнээн сайхан ардчилсан улс болсон. Зарим талаараа гаднын улсуудад үлгэр жишээ болохуйц байгаа гэж ярьж байгаа ч, дотроо бас болохгүй юм байна шүү дээ. Энэ болохгүй байгаа бүхнийг Ерөнхийлөгч хэлсэн, гаргаж ирсэн. Авлига газар авсан, танил тал, хамаатан садан, найз нөхдөө албан тушаалд томилдог үзэгдэл утгаа алдлаа шүү дээ. Төрийн албан хаагчдийг “Команд бүрдүүлэх” нэрээр намын харьяаллаар нь хоморголон халж байна. Ингэж томилгоо хийхдээ тухайн хүний хийж бүтээх чадвар, мэргэжлийн чиг баримжааг огт харгалзаж үзэхгүйгээ зөвхөн өөрт нь үнэнч хүн байвал л боллоо гэж үзээд томилгоо хийж байна. Хамаа замбараагүй  томилж байгаа шүү дээ. Засгийн газар сайдуудын хувьд бол мэргэжил огт хэрэггүй ч юм шиг болчлоо. Энэ бүхэн бол залуу хүмүүсийн хувьд эмзэглэж явдаг сэдэв нь. Үүнийг л Ерөнхийлөгч гаргаж ирсэн хэрэг. Бид ч түүнийг дэмжиж байгаа.
-Хүмүүс “Том төрийг жижиг болгоно, тэнэг төрийг ухаан суулгана” гэх зэргээр санал бодлоо илэрхийлж эхэлсэн. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нэрний хувьд хүмүүс янз бүрээр л ярьж байгаа байх. Гэхдээ гол санаагаа зөв, ойлгомжтой гаргасан учраас үг үсгийн алдаанд анхаарал тавихгүй байх нь дээр. Том төр гэдгийн хувьд бүтцийнхээ хувьд данхайсан л гэсэн үг. Хоёрдугаарт, хүнд сурталтай, хөдөлж өгдөггүй бул чулуу шиг төртэй болсон байна гэж ойлгож байгаа. Эд бүгдийг багтаасан илүү гоё үг хайж явахын оронд “Том” гээд хэлчихэд болж байгаа юм. Гэхдээ бас “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдгийг цомхон төр гэж шууд утгаар нь ойлгож болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл, одоо байгаа бүтцийг цомхотгоно гэж ойлгож болохгүй. Тийм бололцоо ч байхгүй. Харин одоо байгаагаасаа томруулахгүйгээр үйл ажиллагаа нь хурдан явдаг. Ямар нэгэн саатал чирэгдэлгүй хөдөлж байдаг механизм нь зөв ажилладаг төртэй болохыг  “Ухаалаг төр” гэж хэлээд байгаа юм. Түүнээс хүмүүсийг нь халаад цомхотгоод хурдан ажилладаг болгоно гэвэл өрөөсгөл ойлголт болно.
-Тэгвэл “Ухаалаг төр” ямар байх ёстой вэ?
-Энэ талаар их олон юм ярьж өгч болно л доо. Учир нь, төр бүх юманд оролцдог. Нэг үгээр хэлбэл, нийгмийн бүхий л салбарт төр гэдэг элемент оролцож байдаг шүү дээ. Тиймээс Ухаалаг төр нэрийн дор зах хязгааргүй юм ярьж болно. Гэхдээ энэ ойлголтыг ганцхан үгээр амьдралд хөрсөн дээр буулгаад хэлбэл, ердөө л “бүртгэл” гэсэн үг. Бүх ажиллагаагаа бүртгэж чаддаг төрийг л ухаалаг төр гэж хэлж болно. Иргэний бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэл, төрийн албаны, оюутны, хүний нөөцийн г.м төрөл бүрийн бүртгэлийн системээс гадна төрийн үйл ажиллагааны бүртгэлийн систем шаардлагатай байна. Дээр хэлснээр төр үйлдэл бүрээ бүртгэдэг байх хэрэгтэй. Учир нь энэ бүртгэлүүд нийлээд бидний олон жил хайгаад олохгүй байгаа нөгөө Төрийн ой санамж гэдгийг чинь бүрдүүлдэг юм.  Дээрээс нь бүртгэлийн иймэрхүү системийн хүчээр ажлыг заавал бодит хүнд оноож өгдөг байх хэрэгтэй. Ерөөсөө 2 хүний дунд нэг ажил даалгахад л ажил эзэнгүйддэг.  Өнөөдөр төрийн ажил явахгүй байгаагын гол шалтгаан нь энэ. Хариуцах эзэн тодорхойгүй бие бие рүүгээ бөмбөг шиг түлхсээр эцэстэй хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж ажил замхардаг.  Ажил заавал эзэнтэй байх ёстой шүү дээ. Жишээлбэл, Иргэний гаргасан гомдолд тодорхой хугацааны дотор хариу өгөх ёстой гэдгийг нь бзртгэдэг систем байгаад хугацаандаа хариуг нь өгөхгүй бол систем нь тэр хүнд сануулаад болохгүй бол даргад нь “энэ Дондог гэдэг хүн чинь ажлаа хийхгүй байна шүү” гээд мэдээлдэг байвал ажил явна шүү дээ.
-Өнөөдрийн төрийн албанд энэ тогтолцоо байхгүй гэж үү?
-Би өөрөө төрд 10 гаруй жил ажилласан хүн. Төрийн ажил яаж явдгийг гадарлана л даа. Төрийн ажлыг нэг хэлтэс, эсвэл даргад даалгадаг. Нөгөө дарга нь дороо байгаа хүмүүстээ даатгаад л хаячихдаг. Эцсийн дүндээ нөгөө ажлыг нь хэн хийх нь, хийгээд байгаа нь ойлгогддоггүй. Хоёр ба түүнээс олон хүний дунд орхигддог гэсэн үг. Хэнд ажил хариуцуулсан нь тодорхойгүй, оноосон хүнгүй. Эцэст нь хүн болгон өөрөөсөө зайлуулаад л өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцох хүн олддоггүй. Тийм учраас ажлын процессуудыг загварчлах ёстой юм. Бүх юм нь тодорхой энэ ажлыг энэ хүн хариуцна, энд шийдвэр гарч байж цаашаа явна. Хэрэв шийдвэр гаргаагүй бол энэ ажил цаашаагаа явахгүй гэх мэт. Ингээд шат шатандаа бүх юм тодорхой бүртгэлтэй болчихвол төрийн ажил цалгардахгүй. Тэгээд ч бүх зүйл нь тодорхой байвал хүн өөр дээрээ ажил овоолоод байхыг хүсэхгүй шүү дээ. Ажлаа хийж л таарна. Одоо бол зарим албан хаагч даргынхаа өгсөн ажлыг эхнээс нь шүүгэндээ хийгээд мартчихсан байх тохиолдол их бий шүү. Үгүй ядаж иргэн бүтэшгүй зүйл хүссэн бол бүртгэлийн дагуу тэр асуудлыг нь хянаж үзээд “Энэ бүтэхгүй юм байн” гэдэг хариуг нь өгч байх ёстой байхгүй юу. Одоо бол иргэдийн гаргасан санал, гомдол  бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй, төрийн машин руу живээд алга болчихдог. Ингэж нэгнийхээ цагийг үрдэг байж болохгүй л дээ. Товчхондоо бол ухаалаг төрийг бий болгох дэд бүтэц нь мэдээллийн технологи тэр тусмаа нарийн бүртгэлийн систем байх юм.
-Манайханд IT нэвтрүүлснээр ажлын байрны тоо цөөрдөг гэсэн ойлголт байдаг.  Тэгэхээр хүссэн хүсээгүй төрийн алба цомхон болох юм биш үү?
-IT нэвтрүүлснээр ажлын байрыг цомхотгодог, цаасны хэрэглээг бууруулдаг гэсэн ойлголт нийгэмд яваад байдаг. Үнэндээ бол тийм юм байхгүй шүү. Харин ч эсрэгээрээ үр дүн гараад байдаг. Цаасны хэрэглээ ч буурахгүй, ажлын байр ч цөөрдөггүй. Яагаад гэвэл мэдээллийн технологийг хэрэглээд эхлэхээр ажлын цар хүрээ томордог. Жишээ нь, мэдээллийн технолог нэвтрүүлээгүй байхдаа өдөрт 100 ажил шийддэг байсан хэлтэс байлаа гэж бодъё. Тэгвэл мэдээллийн технологи ашигласнаар бүртгэж байгаа ажил нь 1000 болж өсдөг. Үүнээс цаасаа хэмнэлээ гэж бодоход ялгаагүй л 100 хуудас юм хэвлэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааных нь цар хүрээ мэдээллийн технологио дагаад өсч байгаа хэрэг. Энэ хэрээр орон тоо цомхотгох, цаасны зардлаа хасах боломжгүй болно.
-Үүнийг хийхэд хэцүү юу. Бид өөрсдөө хийх бололцоо байгаа юу. Үнэ өртгийн хувьд ямар байдаг бол?
-Энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Учир нь, энэ бол энгийн л нэг бүртгэлийн систем шүү дээ. Монголын дурын нэг компани хийчих зүйл гэж ойлгож болно. Үнэ өртгийн хувьд ч санаа зовоод байх юм байхгүй.
-“Олуулаа” клуб үүнд ямар байдлаар оролцож байгаа юм бэ?
-Манай клуб энэ асуудлыг бодлогын хэмжээнд дэмжиж манлайлах хүсэл зорилго байгаа. Үүнийг чинь бас тодорхой хэмжээнд “хувьсгал” гэж нэрлээд байгаа шүү дээ. Баабар бол “Элбэгдоржийн хувьсгал” гээд хэлчихсэн байгаа. Манай клубт оюунлаг залуус олон байгаа болохоор яаж хийх вэ гэдэг шийдлийг боловсруулах, эрх зүйн акт бусад баримт бичгийн ажилд оюун бодлоо уралдуулах нь тодорхой. Гэхдээ бас гүйцэтгэл тал дээр нь ч гэсэн оролцох сонирхол байгаа. Жишээ нь, миний хувьд энэ ажлыг хийе гэсэн саналаа тавьчихсан байгаа. Яагаад гэвэл би компьютерийн программист мэргэжилтэй, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанитай. Бид эхний ээлжид Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүсэлтээ гаргаад Шилэн дансны системийг хийж эхлээд байгаа.
-Таны хэлснээр энэ “Хувьсгал”-ыг хийхэд хэр их цаг хугацаа орох бол?
-Мэдээж нэг амьсгаагаар бүгдийг хийнэ гэж байхгүй л дээ. Ер нь монголчуудын нэг муу зан байдаг. Тэр нь юм хийхгүй бол хийхгүй л байгаад байдаг. Харин нэг хийхээрээ нэг мөр бүгдийг нь хийх гээд дайраад байдаг зан. Асуудлыг цогцоор нь шийднэ ч гэх шиг. Цогцоороо шийдэгддэг асуудал гэж энэ хорвоо дээр байхгүй. Ялангуяа мэдээллийн технологи цаг үеэ дагаад байнга хөгжиж байдаг зүйл. Өнөөдрийн асуудал маргааш огт ач холбогдолгүй болж ч мэднэ. Тийм учраас өнөөдөр өмнө чинь байгаа асуудлыг нэг их олон бодоод байлгүй шууд барьж аваад шийдээд явчих хэрэгтэй.
-Ухаалаг төртэй болъё гэсэн санааг хаа очиж эсэргүүцээд байгаа хувь хүн, улс төрийн хүчин ховор байх шиг санагдсан.
-Үүнийг эсэргүүцэх шалтгаан байхгүй л дээ. Аль эрт л хийх ёстой байсан ажил. Түүнийгээ хийхгүй л яваад байсан байхгүй юу.
-Энэ ажлыг хэрэгжүүлсэн гаднын туршлага байдаг уу?
-Ер нь бол шинэ зүйл биш гэж хэлсэн. IT талаас нь хариулахад бидэнтэй төстэй  хүн ам цөөтэй Эстони улсад үүнийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Манайхан ч Эстонийн загварыг сонирхож байгаа юм билээ.

.

1 comment:

Unknown said...

Сайхан ярьсан байна шүү, Амжилт хүсье