Tuesday, October 1, 2013

Хүн энэ ертөнцийг орхин одсоны дараа чухам юу болдог вэ?

“ОР МӨРГҮЙ АЛГА БОЛДОГГҮЙН ЦААНА”

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1989-11- 22-нд Коста Рикагийн Сан-Хосед уншсан лекц

Өнөөдөр би та бүхэнтэй, хүн энэ ертөнцийг орхин одсоны дараа чухам юу болдог тухай ярилцахыг хүссэн юм. Учир нь бид энэ дэлхийд амьдарч байх үедээ юу хийхээ аль эрт мэдэж байдаг хирнээ энэ дэлхийгээс явсны дараа чухам юу болдгийг ихэнх нь мэддэггүй. Би гэгээрэл болон үхэл хоёрыг харьцуулж яръя. Үнэндээ бид үхэж байхдаа хүмүүсийн боддог шиг ор мөргүй алга болдоггүй. Зөвхөн физик буюу махан биеэ л сольдог. Заримдаа бид энэ махан биеэсээ нилээд богино хугацаагаар, магадгүй заримдаа хэдэн зуун мянган жилээр ч хагацах болдог. Тэгээд бид энэ дэлхийд өөриийн оюун ухаан, дадал туршлагаа солилцохоор бие махбодийг олоод дахин ирдэг.
Библийн сударт гэгээнтнүүдийн нэг нь “Би өдөр бүр үхдэг” гэж өөр тэмдэглэсэн бий. Мөн хэрвээ чи өөрийн энэ бүх амьдралаасаа бүрмөсөн татгалзан хаяж чадах юм бол амьдралыг дахин чи олох болно гэсэн ч бий. Ийм өгүүлбэр тааралдахад бид их гайхаж эргэлздэг. Амьдрахын тулд үхнэ гэж байж болох уу? Бид өдөр бүр үхэж чадна гэж байж болох уу? Амьдралыг хожихын тулд амьдралаасаа бүрэн татгалзана гэдэг байх боломжтой юу?
Та нарын ихэнх нь Америкийн нэгэн эмчийн бичсэн “Үхлийн дараахь амьдрал” хэмээх номыг уншсан байх. Тэр эмч үхээд дахин амьдарсан олон хүний бодит тохиолдлуудыг нэгтгэн бичсэн бөгөөд бүх хүнтэй тохиолдсон явдлууд ижил байв. Тэд:
-Махан биеэ орхисны дараа ер бусын хязгааргүй аз жаргал, эрх чөлөөг мэдэрч, холын улс орнууд руу нисэн одож чадаж байснаар үл барам гэрэл гэгээ, хайр халамжаар бялхсан биетүүд тэднийг угтан авч байсан гэж ярьцгаажээ.
Биднийг гэгээрэлд хүрч, гэгээрч байхад ч бас яг үүнтэй ижил үйл явдал болдог. Иймээс бид “Бид өдөр бүр үхдэг” хэмээн ярьдаг юм.
Гэгээрэл гэдэг бол чанагуухи ертөнцийн их хайр, их хүчтэй холбогдохыг хэлдэг. Гэтэл өдгөөх энэ ертөнцөд бид чанагуухи ертөнцөд байсан шиг амьдарч чаддаггүй. Гагцхүү бид гэгээрч л чадвал тэрхүү чанагуухи ертөнцийн аугаа бүхэнтэй нэгдэн нэвтрэлцэж чадна гэсэн үг юм.
Бид үргэлж хүн чигээрээ байдаггүй, заримдаа Будда, тэнгэрийн элч, гэгээнтэн, бодисадва хүртэл болдог. Бодисадва гэдэг нь Христээр гэгээнтэн, санскрит хэлээр бодь гэдэг нь “гэгээрсэн”, садва нь “хүн” гэсэн утгатай. Одоо бид янз янзын өөр ертөнцөд амьдарч байна. Өөр өөр ертөнцөд бид олон олон удаа амьдардаг. Заримдаа диваажин мэт чанадын ертөнцөд ч оршиюу. Гагцхүү энэ дэлхий дээр ирмэгц л өөрсдийн өнгөрсөн амьдралаа мартчихдаг. Харин гэгээрэлд хүрэхээрээ өнгөрсөн амьдрал төрлүүдээ бид санаж чаддаг. Тэгээд л хэн болох, хаанаас ирсэн, хэр аугаа болохоо таньж мэдэрч эхэлдэг байна. Яг л үхлийг амссан дээрхи хүмүүсийн тохиолдол мэт.
Бидний үхэх үйл явц хэмээн нэрлэдэг тэр зүйл болоход хүмүүсийн өнгөрсөн амьдралуудын дүр зураг нүднийх нь өмнүүр кино мэт гардаг байна. Тэгэхдээ үхээд амьдарсан хүмүүс ихэвчлэн энэ амьдралаа л хардаг бол гэгээрсэн хүмүүс зуу зуун, мянга мянган удаагийнхаа өөр олон ертөнцийн амьдралыг үзэж чаддаг. Энэ чадвар илэрсний дараа тэр хүн өөрийгөө эгэл хүн бус Будда, Христ болохоо таньж эхэлдэг. Энэ нь Христ хэрхэн өөрийгөө Бурханы хүү гэж зарлаж байсан, Будда хэрхэн өөрийгөө гэгээрсэн гэж хэлж байсныг гэрчлэх зүйл юм. Будда гэдэг нь Христ гэсэн утгатай, Христ гэдэг нь Буддагийн билгүүн ухааны нэг л төвшин гэсэн утгатай юм. Хэрвээ билгүүн ойлголтын энэ төвшинд хүрч чадах юм бол: бид-Будда, бид-Христ гэдгээ таньж чаддаг. Харин гэгээрэхгүй аваас үхлийн дээр дурдсан үйл явдлуудтай л зууралдсаар байх болно.
Бид үхсэнийхээ дараа астрал ертөнцийн доод, эсвэл дээд түвшнүүдэд л очдог. Хэрвээ бид өдөр бүрийнхээ бясалгалаар гэгээрэлд хүрчихвэл чанагуухи ертөнцийн аливаа сайхан бүхэн нээлттэй болдог.
Исус: - Миний эцгийн гэрт орд харш олон бий гэж хэлсэн буй. Энэ нь бидний яриад байгаа зүйл юм.
Библид: “Хүн гурав дахь ертөнцөд хүлэгдсэн байдаг” гэсэн атлаа харин хэдэн ертөнц байдгийг дурьдаагүй. Үүнтэй адилаар буддизмд Будда, диваажингийн олон ертөнц, төвшинг дүрслэн үлдээжээ. Ж нь: Авид буддагийн орон: - Энэ нь доороос өгссөн есөн төвшинтэй. Хамгийн доод хүнд төвшинд бид олон мянган жилээр оршин байж, гэгээрсэн багш юм уу Будда нарын хамт өдөр бүр бясалган тэднээс суралцаж бүрмөсөн сэхээрэх хүртлээ амьдардаг. Би үүнийг олон анги шатлалтай их сургуультай адилтган боддог. Бидний гэгээрэх хэмээн нэрлэдэг тэр үйл явц нь бид бие махбодио орхин яваад буцаж ирдэгтэй л адил юм.
Үхэлд бэлдэхүй: Үхлийг хэцүү зовиуртай болгодог зүйл бол үхэж дадаагүй байдал юм. Хэрвээ бид өдөр бүр хэрхэн үхэхэд суралцаад байх юм бол үхэл нь тийм ч хэцүү зүйл биш байхсан. Гэтэл ихэнх хүмүүс энэ дэлхийг орхиж байгаадаа харамсан айсаар үхдэг. Яагаад гэвэл тэд түүнийг хүлээж буй амарч, хайрлуулж болох илүү сайхан ертөнцийг огт мэддэггүй. Зөвхөн өөрийн сайн мэддэг энэ л ертөнцдөө, хайртай хүмүүстээ хүлэгдсээр байдаг. Энэ нь биднийг сүнсэн бие, махан бие хоёрын хоорондох тэмцэлд хүргээд үр дүнд нь өвдөлт, аймшиг хоёрыг л үлдээдэг. Хэрэв бид үхэх нь дахин төрөхийн нэгэн хэлбэр гэдгийг мэдчихвэл түүнээс айхгүй болно. Бид цаг нь ирэхэд түүнийг тэсч ядан угтах болно. Тийм юм бол, одоо тэр сайхан өдөрт хэрхэн бэлдэх вэ?
Олон хүмүүс хурим хийх, хүүхэд төрүүлэх зэрэгтээ сайтар бэлддэг мөртлөө харин үхэлд болохоор ерөөс бэлддэггүй. Үнэн хэрэгтээ үхэл бол хамгийн чухал өдөр. Энэ төрөлд физик бие, хязгаарлагдмал эрх чөлөө, мөн маш удаан хөгжилт гэх мэт зүйл л бидэнд байна. Харин үхэхэд асар их эрх чөлөө, аугаа их билэг ухаан, уян хатан бие, хөгжиж дэвшиж, сурч амарч, аж төрж болох илүү сайхан ертөнц биднийг угтан авдаг. Иймээс үнэндээ үхэл нь сүнсний маань хөгжлийн хувьсгалыг түргэсгэж, аугаа билгүүн ухаанд хүрэхэд нэн чухал нөлөөтэй үйл явц мөн.
Харин үхсэний дараа энэ тэнгэрлэг зүйлд хүрэхийн тулд бид одоогийн энэ амьдралаа улам ч хайрлан, зөв тэгш амьдралын хэв маягийг сонгон аз жаргалтай амьдрах хэрэгтэй юм. Харамсал, гэмшил, зовлон шаналал үгүй бол бид тэр бүхэнд хүрэхэд илүү амар хурдан байдаг.
Хүмүүсийг махан биеэ орхих үед зовлон бэрхшээл, өвчин эмгэг улам нэрмээс болдог. Тэд уйлан харамсч, ардаа орхисон хайртай дотно хүмүүстээ ихэд хоргоддог. Хүмүүсийн ихэнх нь хайртай хүмүүсээ үхчихээр хэдэн сар жилээр харамсан гашууддаг. Мэдээж энэ бол ойлгомжтой зүйл. Учир нь бид хайртай хань, хүүхэд, найзаа алдчихсан, тэдний хаашаа явсныг мэддэггүй. Үхсэний дараа тэр хүний амьдрал эндхээс илүү сайхан, бас түүнийг өөр хүмүүс хайрлан халамжилдаг байхад бид түүний хойноос харамсан гашуудсаар байдаг. Гэтэл бидний энэ уй гашуу тэр сүнсний явах замыг хааж боож, түүний эрх чөлөө, баяр баяслын хэмжээг нь дундруулдаг юм. Тиймээс хамгийн зөв арга бол хайртай хүмүүсийнхээ хойноос харамсан гашуудахгүй байх явдал юм. Ингэхэд үнэхээр хэцүү. Гэвч энэ бол хайрлан энэрэхийн хамгийн дээд хэлбэр мөн. Бид зөвхөн түүгээр дахин хайрлуулах, хажуудаа байлгах гэсэн хувиа бодсон сэтгэлээр л харамсдаг биш гэж үү. Тэгвэл одооноос баярлаж суръя. Тэр нэгэн хөөрхий сүнс “Шорон - гэр” хэмээх энэ зовлонт хязгаарлагдмал эрх чөлөөт ертөнцөөс чөлөөлөгдөж, хүссэн газартаа дуртай, хайртай зүйлээ хийж, өөр олон зүйлийг сурахаар явж байгаагийнх нь төлөө бид сэтгэл хангалуун үлдэх ёстой. Бид өөр өөр ертөнцийн амьдралыг нэн өндөр төвшний арга буюу “Аръяабалын бясалгал” – аар харж чадахаас гадна хэрхэн үхэхийг сурч мэдэн, тэр ч байтугай гараг ертөнцийн хооронд айх зүйлгүйгээр хамгаалалттай аялан, хайртай хүмүүс маань хаашаа явсан, хаана байгаа зэргийг хүртэл мэдэж чадна. Мөн энэ дэлхийгээс явсны дараа өөрийн амьдрах дараачийн ертөнцөө ч сонгож чадна. Ийм тохиолдолд бид үхлээс айхгүй, хэн нэгэн биднийг орхиход уйлахгүй, ядаж л уйллаа ч гэсэн тэгж их шаналахгүй. Бид баяр талархалтайгаар нулимс унагаж ч магад.
Гэгээрлийн дараа бидний амьдрал илүү амар хялбар болдог. Ертөнцийн цаадахь зүйлүүдтэй учирч тааралдаад ирэхийг бид гэгээрэл гэж нэрлэдэг. Гэгээрэл нь дотроо олон шаттай. Сэтгэлийн авшиг авах үед бид гэгээрлийн зарим нэг үйл байдалтай тулгардаг. Бид энэ ертөнцийн, түүнээс ч цааших чанадын ертөнцийг махан биеэ орхин үзэж яваад буцаад ирдэг. Яг л үхэх үетэйгээ адилханаар. Тэгээд бид үхэх нь тааламжтай зүйл болохыг мэдэж, энэ ертөнцийн зовлон гунигийн хүнд мэдрэмжүүдээ гээж эхэлдэг. Зарим хүн өөр ертөнц рүү яваад ирснийхээ дараа энэ дэлхийн амьдралд шунан дурлахаа больдог. Яагаад гэвэл тэд үүнээс илүү сайхан ертөнц байдгийг мэдсэн учраас тэр. Зарим нь энэ амьдралыг урьдынхаасаа илүү хайрлах болсон ч гэсэн амьдрал бол мөнхийн үйл явц, бид хэзээ ч үхэхгүй гэдгийг сайн ойлгож чаддаг. Энэ нь хүмүүсийг илүү амар тайван, энэ амьдралаа үр дүнтэй, сэтгэл хангалуун, итгэл зоригтой өнгөрүүлэх болгодог. Иймээс л гэгээнтнүүд өөрсдийн аж амьдрал, эрч хүч, билгүүн ухаанаа хүн төрөлхтөнд үйлчлэхийн төлөө, ялангуяа үнэн мөнийн талбарт зориулах нь илүүтэй ажээ.
Исус хүн төрөлхтөний зовлон шаналалыг арилгахаар газар газарт очиж, тэдэнд туслан үнэнийг ухуулж, бурханы хүмүүс гэдгийг нь сануулах гэж амьдарч байсан.
Тэр нэг талхыг 5000 хүн цатгах хүртэл өсгөж, усыг дарс болгож байсныг та нар санаж байна уу. Түүнд эд хөрөнгөнд шунах ямар ч хэрэг байгаагүй. Зөвхөн хүн төрөлхтөнийг төөрөгдөл, мунхаглалаас гаргаж, Бурханы хууль, үнэн ёсыг ухуулахын тулд амьдарч байсан.
Буддагийн амьдралыг харъя. Будда католик шашинтан, христ байгаагүй гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй. Тэр Исусээс ч илүү христ байсан. Буддизмын судруудыг уншихад Будда хэдийгээр маш өндөр төвшинд байсан ч нэн хязгаарлагдмал эрх мэдэл, ертөнцийн амьдралд хашигдсан байдаг. Тэр улсын хаан байж болох байсан ч, үнэнийг олохын тулд ядуу зүдүү, хүнд хэцүү замыг сонгон амьдарсан. Тэр ч байтугай түүнд хүнс хоол ч хэрэггүй байсан. Тэрээр “Би” үзэлгүйгээр бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулахад л суралцсан. Энэ нь тэдгээр гэгээнтнүүдэд амьдралын мэдлэгийн их сан руу зогсолтгүй гүнзгийрэн орж, гэгээрэл ухаарлаасаа асар их баяр баясгаланг олж авах боломж олгосон юм. Тэд мунхаг төөрөгдөл нь хичнээн их алдаа, гэмт хэргийг төрүүлж бий болгодгийг тэдэнд мэдүүлэх гэж бусадтай хуваалцдаг байсан. Хамгийн хүнд гэмт хэрэг бол мунхаглал юм. Хэрвээ бид амьдралын нууц, түүнийг хэрхэн хайрлах, яаж гэгээрэх зэргийг мэдчихвэл ямар ч гэмт хэрэг хийхгүй болно. Хүн болгон алдаа хийдэг ч тэд буруушаагддаггүй, мунхаглал л буруушаагддаг. Гэгээнтнүүд хүмүүсийг буруушаахын оронд тэдэнд энэ мунхаглал, харанхуйгаас яаж гарах, хэрхэн өөрийн оюун билгээ нээж, ашиглахыг заадаг. Хүн бүхэн аугаа их билэг ухаантай. Энэ бол Бурхан, тэнгэрлиг хайр гэж бидний нэрлэдэг зүйл юм. Бид үүнийг ухаарч мэдэнгүүтээ амьдралд сэтгэл ханаж, амьдралаа хайрладаг. Иймээс л гэгээрсэн хүмүүс биднийг гэгээрүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, ингэхийн тулд янз бүрийн шүүмжлэл, үл ойлголцол зэргийг тэвчих хэрэгтэй болдог. Заримдаа өөрсдийн амьдралаа хүртэл алдахад хүрдэг. Исус, Сократ, Буддаг олон хүн алахыг хүсэж, нэр төрийг нь гутаан доромжилж байсан. Эдгээр гэгээнтэн иймэрхүү элдэв бэрхшээлийг үл хайхран хамгийн аугаа энх амгаланг тогтоогч, аугаа их улс төрчид байсан. Тэдэнд энэ дэлхийн ямар ч эд баялаг, эрх тушаал хэрэггүй байсан билээ.
Исус “Би бол бурхан” гэж хэлсэн буй. Будда хаан ширээнээсээ татгалзсан буй. Тэд өөрсдийхээ дотоодод аугаа их бурхантай байсан. “Хамгийн түрүүнд өөрийнхөө бурхан чанарыг хай. Бусад зүйл үүний дараа чинийх болно.” Энэ бол жинхэнэ үнэн. Өөрийгөө бурхан, түүнтэй нэг гэдгээ таньсны дараа бид энэ дэлхийн юунд ч шунаж тачаахаа больдог. Исусийг цөлд бясалгаж байхад Маяа-гийн хаан /ад чөтгөрийн хаан/ түүн дээр ирээд хэрвээ надад мөргөвөл чамд энэ гурван ертөнцийг бүхлээр нь өгье гэж хэлжээ.
Исус:- Надаас холд гэв. Гурван ертөнц түүнд огт хэрэггүй байж. Будда 49 хоногийн туршид бодь модны доор суун бясалгаж байхад муу хүчнүүд янз бүрийн аргаар түүнд садаа хийж, олон зүйлийг санал болгосон ч тэр юуг нь ч хүсээгүй. Хүмүүс тэдэнд хаан мэт мөргөж байсан ч гэгээрсэн хүмүүсийн хувьд энэ нь чухал биш. Эгэл хүмүүс өөрсдийн оюун ухаан, ааш авирт байдаг атаа мунхагаасаа болоод үүнийг огт ойлгодоггүй. Исусийг амьд байхад олон улс төрч түүнийг хардаж, сэрдсэнээс тэр хөнөөгдсөн юм. Тэд Исусийг энэ дэлхийн юунд ч шунан тэмүүлээгүй гэдгийг мэдсэн бол хөнөөхгүй байсан юм.

Эх сурвалж www.shudarga.mn

No comments: